Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Азийн сангийн санхүүжилтээр нийслэлийн хэмжээнд гэр хорооллын оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах 20 гаруй иргэдийн оролцоотой төслүүд хэрэгжсэн. Эдгээр төслүүдийн нэг болох нийслэлийн Баянзүрх дүүргийн 9-р хороо 8 дугаар хэсгийн 57 гудамжинд Улаанбаатар хотын Захирагчийн Шархад, Амгалан, Улиастай дахь ажлын албанаас нийслэлийн 375 жилийн ойн өмнөхөн хүүхэд залуус тоглон, хөгшид нарлан суух амралтын талбайг ашиглалтанд орууллаа.
Амралтын талбайн нээлтэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг, Улаанбаатар хотын Захирагчийн Шархад, Амгалан, Улиастай дахь ажлын албаны дарга Д.Гантөр, хорооны Засаг дарга, иргэдийн төлөөлөл оролцсон юм. “Рояал блу скай” ХХК гүйцэтгэгчээр оролцож, 9-р хорооны 30 иргэн, “Давстайн булаг” нөхөрлөлийнхөн хамтран хур хог бүхий талбайг цэвэрлэн тэгшилж цементлэн, сүүдрэвч хийн, сандал хогийн сав байршуулж мод тарин, хайс хашлага суурилуулсан. Нийтдээ 20 гаруй машин хог ачиж, 100 гаруй машин шороо асгаж амралтын талбайг байгуулсан.
Нарлан суух талбайтай болсон иргэд өглөөдөө хүүхдээ салхилуулж, өдөр нь залуус роликоор гулгах болсон байна. Өмнө нь хэрэгжсэн худаг, хүүхдийн тоглоомын талбай, чацарганы төгөлийг оршин суугчид талархан хүлээн авч, нийслэлийн зүгээс гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулахад анхаардаг болсонд баяртай байгаагаа хэлж байгаа. БЗД-ийн 9-р хорооны амралтын талбайг цаашид “Давстайн булаг” нөхөрлөл, 9-р хороо бүрэн бүтэн байдлыг нь хариуцан хамгаалахаар болжээ.