logo
Таван тэрбум төгрөгийн үнэ бүхий тамхийг битүүмжилжээ

Таван тэрбум төгрөгийн үнэ бүхий тамхийг битүүмжилжээ

2014/10/29
 Тамхины бизнес эрхлэгчдийн холбооноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан гаргасан хүсэлтийн дагуу БНСУ-аас “Алтангадас Трейд” компанийн импортлосон таван тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий “ЭССЭ” тамхины сав, баглаа боодол, шошгололтыг шалгалт хийхэд,  тэдгээр бараа бүтээгдхүүнүүд нь манай улсын хууль тогтоомж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан Тамхины хяналтын суурь конвенцын зарим заалтыг зөрчсөн нь тогтоогджээ. 

Тодруулбал, “ЕSSE Lights” тамхины хайрцган дээрх “Lights”, “ЕSSE Change” тамхины хайрцган дээрх “Капсулыг чимхвэл зөөлөн амт нь гаатай сэнгэнэсэн амтаар солигдоно”, “Хоёр төрлийн амтыг өөрийн хүссэнээр” гэсэн бичиг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан Тамхины хяналтын суурь конвенцийн 11 дүгээр зүйлийн 11.1/а/ дахь “бүх тамхин бүтээгдэхүүний сав, шошго нь тамхин бүтээгдэхүүний шинж чанар, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, эрсдэл, утааны талаар буруу төөрөгдүүлсэн, хуурамч ойлголт өгөх зэргээр тамхин бүтээгдэхүүнийг сурталчлахгүй байх. ... Энэ нэр томъёонд “бохь багатай”, “хөнгөн”, “маш хөнгөн” буюу “зөөлөн” зэрэг орно” гэсэн заалт, Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.7.6 дахь ”тамхины хайрцаг, сав баглаа боодол дээр тухайн тамхийг бусад тамхинаас илүү хор нөлөө багатай гэсэн утгатай үг бичих буюу түүнтэй адилтгах лого, өнгө, брэндийн дүрс, тэдгээрийн хослол хэрэглэх“ гэсэн заалтыг зөрчжээ.

“ESSE” /Soun/ нэрийн тамхин дээрх эрүүл мэндийн хор нөлөөний зурган анхааруулга нь тамхины хайрцагны нүүр болон ар талын талбайн хэсгийн 50 хувьд хүрэхгүй байгаа нь  Тамхины хяналтын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.4.1 дэх заалтыг зөрчсөн байна.  

Иймд “Алтангадас Трейд” компанийг тамхиа зах зээлээс буцаан татах үүрэг өгч, агуулахад нь байсан 3150 хайрцаг “ESSE Lights”, 723 хайрцаг “ESSE Change”,  293 хайрцаг “ESSE Soun” тамхийг битүүмжилжээ.  Мөн худалдаанд гаргасан тамхийг тамхи, хууль бусаар олсон орлогыг хурааж эхэллээ. Энэ зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж Нийслэлийн прокурорын газар үзээд асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлээд байгаа талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлжээ.

“Алтангадас Трейд” компани нь таван тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 5579 хайрцаг /нэг хайрцагтаа 50 блок/ тамхийг 2014 оны есдүгээр сарын 3-5-ны өдөр улсын хилээр оруулсан бөгөөд агуулахад 3150 хайрцаг “ESSE Lights”, 723 хайрцаг “ESSE Change”, 293 хайрцаг “ESSE Soun” тамхи хадгалагдаж байгаа аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш