Ингэхдээ хөгжиж буй орны ядуу, нэн ядуу иргэдэд софосбувир эмийг хөнгөлөлттэй үнээр худалдахын тулд бидэнд дараах болзолыг тавьсан. Үүнд:
1. Хөнгөлөлттэй үнээр санал болгож буй софосбувир эмийг улсын бүртгэлд түргэвчилсэн хэлбэрээр бүртгэх;
2. Хөнгөлөлттэй үнээр санал болгож буй софосбувирын зардлыг 100 хувь Засгийн газрын хөрөнгөөр санхүүжүүлэх, хөрөнгөө гаргахаа эрх бүхий байгууллагаар баталгаажуулах ;
3. Хөнгөлөлттэй үнээр санал болгож буй эмээр зөвхөн ядуу, нэн ядуу иргэдийг эмчлэх;
4. Жилд 10-15 мянган ядуу, нэн ядуу иргэдийг хамруулах;
5. Софосбувир эмийг бусад иргэдэд хөнгөлөлттэй үнээр зарахгүй байх;
6. Өвчтөнд эмчилгээ, шинжилгээ хийх, хяналт тавих тогтолцоо бүрдсэн байх;
7. Уг эмийн ханган нийлүүлэлт, хуваарилалт, түгээлтийг ганцхан “Geliad Science” компани зохион байгуулах эрхтэй байх зэрэг болно.
Ийнхүү зөвхөн софосбувирийг хөнгөлттэй үнээр худалдан авахад Засгийн газраас жилд 106 тэрбум төгрөгийг гаргах шаардлагатайгаас гадна зөвхөн шинжилгээнд ядуу, нэн ядуу иргэн хувиасаа 1,9 сая төгрөгийг гаргах тооцоо гарч байна.
Энэ бүхнээс үзэхэд С вирусын халдвартай Монгол улсын иргэн бүр 1800 ам долларт багтаан эмчлүүлнэ гэсэн олон нийтийн дунд үүссэн хүлээлт, бодит байдал зөрөөтэй байгаа юм. Иймд ДЭМБ-аас гишүүн орнууддаа С вирусыг эмчлэх шинэ эмийг худалдан авах, эмчилгээнд хэрэглэх талаар дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
1. Дэлхийн зах зээл дээр олон шинэ эмийг үйлдвэрлэн хямд өртгөөр нийлүүлэх боломж бүрдэж байгаа тул зөвхөн нэг компанитай урт хугацааны гэрээ хийхгүй байх,
2. С вирусын эмчилгээг урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй нягт уялдуулах /Жишээлбэл: Египет улс жил бүр 50,000 хүнийг С вирусын эсрэг эмээр эмчилж байгаа хэдий ч 150,000 хүн шинээр халдвар авч байгаа нь өртөг өндөртэй эмчилгээнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь эрүүл мэндийн болон эдийн засгийн хувьд үр ашигтайг харуулж байна/.
ХӨСҮТ