Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн / 2014.10.29 / хуралдаанаар Малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн тухай хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн Малын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн тухай танилцуулав.
Өргөдлийн байнгын хорооноос иргэний өргөдлийг судлах хүрээнд Хууль зүйн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан дэд ажлын хэсгийг хуралдуулж, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран Чингэлтэй дүүрэг дэх мал, махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг “Хүчит шонхор” зах, Баянзүрх, Налайх дүүргийн дамжин өнгөрүүлэх пост дээр хяналт шалгалт хийж, үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцжээ.
Түүнчлэн “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг холбогдох бүх талуудыг байлцуулан зохион байгуулж, санал солилцсон байна.
Иргэд, малчдаас сүүлийн 4 жилд малаа хулгайд алдсан талаар 9687 удаагийн дуудлага, мэдээлэл ирснээс 5050 буюу нийт хэргийн 52.1 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 47.9 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шалтгааны дийлэнх хувийг хохирлын хэмжээнд хүрэхгүй байгаа нөхцөл байдал эзэлж байна.
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдал хангалтгүй байгааг дурьдлаа.
Хуульд заасан мэдээллийн нэгдсэн сан байгуулах, гарал үүсэл, ариун цэврийн гэрчилгээ олгох, бүртгэх, хяналт тавих тогтолцоо бүрдүүлэх асуудал өнөөдрийг хүртэл цэгцрээгүй байгаатай холбоотой бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хуульд заагаагүй зэрэг нь хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна гэлээ.
Өргөдлийн байнгын хорооноос Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах чиглэлээр судлан шаардлагатай тохиолдолд хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, О.Содбилэг, Ж.Батзандан, Р.Бурмаа, О.Баасанхүү нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг үг хэллээ.
Улсын Их Хурлын гишүүд Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт одоо ямар байгаа, цаашид авах арга хэмжээ болон хоршооны талаар ямар бодлого баримталж байгаа, Мал хулгайлах гэмт хэргийн статистик худлаа гараад байгааг, төрийн бус байгууллага болон тусгай сангуудыг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжиж татан оролцуулах боломжтой эсэхийг асууж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Мал хулгайлах гэмт хэргийн замаар алдагдаж байгаа нийт мал, махны 99 хувь нь ченж нарын гар дамжин хүнсний хэрэгцээг хангах чиглэлээр зарагдаж байна гээд мал, махны гарал үүсэл, мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээг боловсронгуй болгох, засаг дарга нар, мал эмнэлгийн эмч нарт тавих хяналтыг сайжруулах, гарал үүслийн гэрчилгээг үнэт цаасны хэлбэрт нэг хэв загварын болгох, урьдчилан сэргийлэх ажиллагаанд иргэд, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн дагуу урамшуулах асуудлыг шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэртэй болох талаар засаг, захиргаа нутаг дэвсгэрийн төрийн байгууллага санаачлага гаргах, цэргийн алба хаасан, дүйцүүлэх албаны залуусыг олон нийтийн цагдаагаар ажиллуулах, орчин үеийн техник хэрэгсэл болох хяналтын камерыг хэрэглэхийг асуултанд хариулахдаа санал болгож байлаа.
Мөн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар гишүүдийн асуултанд Мал аж ахуйн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Н.Ганибал, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, туслах комиссар Д.Батжаргал нар хариуллаа.
Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг Үндсэн хуулинд Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалтанд байна гэж заасан ч Мал бол малчдын өмч, өмчөө хамгаалах нь тухайн хүний өөрийн үүрэг гээд одоо хэлэлцэж байгаа эрх зүйн баримт бичгээр Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил нь Хууль зүйн яам, Үйлдвэр, Хөдөө аж ахуй яам болон бусад хөндлөнгийн байгууллагын ажил болоод байна. Малчид малаа даатгуулах, даатгуулаагүй бол эрсдэлээ өөрсдөө хариуцах ёстой гэсэн санал гаргаж байв.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг тусган Малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолыг гаргахыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.