logo
Интернэтийн татвар Унгарчуудыг бухимдуулав

Интернэтийн татвар Унгарчуудыг бухимдуулав

2014/10/30
Унгарын нийслэл Будапешт хотын гудамж талбайд интернэтийн хэрэглээнд татвар ногдуулах төлөвлөгөөг эсэргүүцсэн олон мянган хүн цугласан нь сүүлийн хэдэн жил болж байгаагүй өргөн хүрээг хамарсан засгийн газрын эсрэг жагсаалд тооцогдож байна. Будапештийн гол талбайд томоохон жагсаал болсны зэрэгцээ бусад зургаан хотод арай цөөн хүнийг хамарсан жагсаал болжээ.

Унгарын засгийн газар интернэтээр дамжуулсан мэдээллийн нэг гигабайт бүрт татвар ногдуулах хуулийн төсөл боловсруулаад байгаа юм. Харин Европын Холбоо үүнийг улс төрийн эрх чөлөөнд халтай, явуургүй санаа хэмээн шүүмжилсэн талаар BBC мэдээлэв.

Хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн ням гарагт эхэлсэн ба жагсагчид эрх баригч намын төв байрны гадна хуучин компьютерийн хэсгүүдийг овоолж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Учир нь хуулийн төсөлд тусгаснаар интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд 1 гигабайт мэдээлэл дамжуулсныхаа төлөө 0.6 ам.долларын төлбөр төлөх ёстой ажээ. Энэ нь Унгарын засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор авч байгаа арга хэмжээнүүдийн нэг юм байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш