Өнөөдөр Батлан хамгаалах яамны харьяа “Багабаян” ТӨҮГ-ын дэргэд “Ахмадын сувилал” нээлтээ хийж, анхны амрагчдаа хүлээн авлаа. Хотын төвөөс холгүйхэн, цэвэр агаартай байгалийн үзэсгэлэн цогцолсон газар ахмад настнуудад зориулсан эмчилгээ, сувилгаа, нөхөн сэргээх, ардын бариа засал хосолсон үйлчилгээ сайтай энэхүү амралт нээгдсэнд зөвхөн батлан хамгаалах, зэвсэгт хүчнээс тэтгэвэрт гарсан настнууд төдийгүй нийт ахмадууд сэтгэл хангалуун байлаа.
“Ахмадын сувилал” амралтын нээлтэд Улсын их хурлын гишүүн Д.Арвин, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын ахмадын хорооны удирдлагууд болон анхны ээлжийн амрагчид хүрэлцэн ирсэн байлаа.
Гуравхан сарын дотор иж бүрэн засварлаж амрагчдаа хүлээн авахад бэлэн болсон энэхүү амралт сувиллын газарт бариа засал-физик эмчилгээ, бялдаржуулах, усан эмчилгээ гээд дутуу юмгүй агаад нэг дор 100 орчим ахмадыг хүлээн авч арав хоногоор сувилах юм байна. Сувиллын захирал Ж.Анхмаа “Ахмадууддаа үйлчлэх учир бид аль болох аятай тухтай, сэтгэл хангалуун байх талаас нь бодолцож ажиллаж байна. Боловсон хүчнээ чадварлаг, туршлагатай байхыг гол шалгуураа болгосон. Бариа заслын эмч Н.Мандахдэлхий гэхэд Японд мэргэжил дээшлүүлж, хориод жил бариа заслаар дагнан ажилласан туршлагатай бариач байгаа” гэх зэргээр сувиллын газраа танилцуулангаа эмч сувилагч, ажилтнуудынхаа талаар өгүүлсэн юм.
55 нас хүрсэн эмэгтэйчүүд, 60 нас хүрсэн эрэгтэйчүүд хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгодог бөгөөд жилдээ нэг удаа хөнгөлөлттэй үнээр амралт сувиллын газар амрах эрхтэй байдаг бөгөөд энэхүү амралтанд амрах батлан хамгаалах, зэвсэгт хүчнээс тэтгэвэрт гарсан ахмад настнууд нэмээд 20 хувийн хөнгөлөлт эдлэх ажээ.
Дашрамд дуулгахад, “Ахмадын сувилал”-ынхан Буриад, Хөх хотын ахмадын сувиллынхантай хамтран ажиллах гэрээ байгуулсанаар ахмадууд маань удахгүй харилцан улс дамжиж амрах боломжтой болох ажээ.