logo
23 дугаар сургуулийн анги дүүргэлт нормоос хэтэрчээ

23 дугаар сургуулийн анги дүүргэлт нормоос хэтэрчээ

2014/10/31

Чингэлтэй дүүргийн 23 дугаар сүргуулийн хүчин чадал, анги дүүргэлт нормативт хэмжээнээс хэтэрч багш, сурагчдын эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангагдахгүй байгаа талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас шалгалт хийжээ.

Шалгалтаар сургуулийн хүчин чадал гурав дахин нэмэгдэж 2014-2015 оны хичээлийн жилд нэгдүгээр ангийн долоон бүлэг тус бүрт 54-62 сурагч элсүүлсэн, бага, дунд ангиудад анги дүүргэлт зөвшөөрөгдөх нормоос 15-25 хүүхдээр хэтэрсэн нь багшийн ачаалал хэт их, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах нөхцлийг бүрдүүлсэн байна. Нэг хүүхдэд ноогдох талбай нормоос хоёр дахин багассан, агаарын харьцангуй чийглэг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх доод хэмжээнээс зургаа гаруй хувиар бага хуурайшилттай, агаарын хэм зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3-6 хэмээр их байв.

Мөн хүүхдийн нягтрал ихэссэнээс сурагчдын ширээ, сандлыг багтаах зорилгоор шахаж тавьж, хоорондын зай, тохиргоог алдагдуулсан, зарим ангийн зарим сурагчид самбар дээрхи бичээсийг хэт хол, эсвэл хэт ойроос харж хичээллэдэг, ширээний эгнээ хоорондын зай багасчээ. Энэ нь сурагчдын хөдөлгөөнийг хязгаарласан, бичил цаг уурын тохиромжгүй танхимд удаан хугацаагаар албадмал байрлалаар стандартын тохиргоо алдагдсан ширээ сандал дээр сууж хичээллэж байгаа нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтөнд сөргөөр /харааны эрхтэн, нуруу, нугалам/ нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн аж.

Үүний зэрэгцээ сургуулийн цайны газар нь үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа боловч хүнсний төрөлжсөн агуулахгүй, хоол үйлдвэрлэлд тавих дотоодын хяналт хангалтгүй, ажиллагсдын амрах өрөөнд үдийн цайны бүтээгдэхүүнийг хадгалсан, үдийн цайны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх "Талх-чихэр" ХХК, "Мон-сүү" ХХК-тай хийсэн гэрээ нь журмын заалтыг хангаагүй байгаа илэрчээ.

Иймд МХЕГ-аас хоёрдугаар улирлын хичээл эхлэх хугацаанд дээрх зөрчил дутагдлыг арилгах, холбогдох дээд шатны байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар сургуулийн захиралд үүрэг даалгавар өгчээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш