Улстөрч У.Хүрэлсүх урлагийн “том” авъяастан гэдгийг та мэдэх үү. Түүний ахалсан “Андууд” хамтлагийн амьд хөгжмийн тоглолт маргааш Тусгаар тогтнолын ордны Их танхимд болох гэж байна. Унаган багаасаа нөхөрлөж ирсэн андуудынхаа хамт жинхэнэ амьд тоглолтоор зочдынхоо сонорыг мялааж, сэтгэлийг баясгах гэнэ. Сураг тавьбал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч асан Г.Ариунбуян “Андууд” хамтлагийн басс гитарчин, цөмийн энергийн газрын дарга асан Г.Манлайжав бөмбөрчин нь гэнэ. “Айзам” хамтлагийн Хүрэлбат, “Рок мангас” Ч.Мөнхсайхан нар хамтлагийн уран сайхны удирдаач нь ажээ.
У.Хүрэлсүхийн тоглолтонд хоёр гавьяат ирж ая дуугаа өргөх аж. “Чингис хаан”-ы Жагаа “Анд нөхдийн дуу”, “Хундагаа өргөе” дуунуудаараа танхимд цугласан олны цөсийг хөөргөнө гэж “Андууд” хамтлагийнханд амласан байна. Гандан бууршгүй эрос хатагтай Т.Ариунаа болон дуучин Наран нар амьд хөгжмийн гайхамшиг дор хоолойн чадлаа гайхуулах нь ээ.
Тоглолтонд МАН-ын үе үеийн дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга нар ирж үзэгчдийн суудалд тухлах гэнэ. Монгол ардын нам “Зөвлөхүүдийн танхим” нэрийн дор үе үеийн удирдлагуудаа нэгтгэн өнөөгийн үйл ажиллагаандаа санал зөвлөмжийг нь хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэгвэл “Зөвлөхүүдийн танхим”-аас Ерөнхийлөгч асан Н.Багабанди, ерөнхий сайд асан С.Баяр нарын лидерүүд тоглолтонд ирэх бололтой.
У.Хүрэлсүхийн урлагийн авьяас ийнхүү тодорч буй ч улс төрөөс холдох нь юу л бол. Түүнд “Гавъяат жүжигчин амлаад ч намаас нь салгаж чадахгүй” гэх яриа Ардын намын цагаан ордонд ид хүчээ авч байна.
Д.Билгүүн