logo
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнг хэлэлцэв

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнг хэлэлцэв

2014/11/03

Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн бямба гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн, шийдвэрийг гаргалаа. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 18 дугаар хуралдаан өнгөрөгч аравдугаар сарын 13-15-нд болсон. Энэ хуралдаан нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийсэн айлчлалын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг урагшлуулахад хувь нэмэр орууллаа.

Хуралдаанаар тус комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилт болон Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, санхүү, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, хоёр улсын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, тэнцвэржүүлэх зорилгоор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2015-2020 онд хөгжүүлэх хамтарсан арга хэмжээний хөтөлбөр байгуулах, ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 50-100 тэрбум рублийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, үндэсний мөнгөн тэмдэгтийг харилцан солилцох эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болжээ.

Мөн тус хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс ордыг ашиглах зөвлөмжийг боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулах, Шүрэнгийн усан цахилгаан станцыг барихад байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээний талаар мэдээлэл солилцох зорилгоор төрийн болон мэргэжлийн судалгааны төлөөлөгчдийг оролцуулсан хамтарсан уулзалтыг 2015 онд зохион байгуулах, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх ажлыг идэвхжүүлэх, төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг 2014 онд багтаан эцэслэн тохиролцох, ОХУ-ын Алс Дорнодын далайн боомтуудаар Монголын экспортын ачааг гуравдагч орнуудын зах зээлд хүргэх, БНАСАУ-ын Ражин боомтыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх, тус боомт руу туршилтын нүүрс тээвэрлэлтийг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тус комиссын хуралдааны дүнг  сайшааж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагвад даалгалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш