Австрийн Вена хотноо арваннэгдүгээр сарын 3-ны өдөр эхэлсэн Далайд гарцгүй, хөгжиж буй орнууд /ДГХБО/-ын асуудлаарх НҮБ-ын II Бага хурлын ажиллагаа үргэлжилж байна. Энэ удаагийн Бага хурал нь “ДГХБО-ыг дэлхийн боломжуудтой холбох нь” сэдвийн дор болж байгаа бөгөөд 8 улс төр, засгийн тэргүүний, 40 гаруй улс засгийн газрын гишүүний түвшинд оролцож байгаа ажээ.
Бага хуралд хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллөөс гадна НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн гаалийн байгууллага, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс болон бусад бүсийн комиссоос төлөөлөгчид оролцож байна.
Бага хурлаар Алматын үйл ажиллагааны 2003-2013 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэж, түүний үр дүн, сургамжид үндэслэсэн ирэх арван жилийн шинэ хөтөлбөрийг батлах юм. ДГХБО-ын ирэх арван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр нь хоёр талын болон бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны хүрээнд түншүүдтэйгээ хэрхэн ажиллах чиглэлийг ДГХБО-дад гаргаж өгч байгаагаараа ач холбогдолтой юм. Манай улсын хоёр хөрш оронтойгоо ярьж буй гол асуудал болох дамжин өнгөрөх тээвэр, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хамтын ажиллагаанд нэмэгдүүлэх зэрэг асуудлыг НҮБ-аас ДГХБО-дын хөгжлийг дэмжих гол чиглэл гэж үзэж байгаа юм байна.
Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг Бага хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ далайд гарцгүйгээс үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг даван туулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудад ДГХБО-ын ашиг сонирхолыг тусгах шаардлагатайг чухалчлав.
Мөн манай улсын санаачлага болох “ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай” олон талт хэлэлцээрт нэгдэн орохыг бүлгийн гишүүн орнуудад уриалав.
Манай улс Бага хурлын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, хурлын үеэр ажиллах илтгэгч (Rapporteur)—ийн үүргийг гүйцэтгэж байна. Мөн Улаанбаатар хотноо байгуулагдаж буй ДГХБО-ын ОУСТ-ийн үйл ажиллааг дэмжин ажиллах асуудлыг ирэх арван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд тусгуулан ажиллаж байгаа ажээ.
Манай төлөөлөгчдийн тэргүүн, дэд сайд Д.Ганхуяг энэ өдөр Киргизийн Зам, тээврийн сайд Султан Калыкбек, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх захирал Шамшад Ахтар, Дэлхийн банкны Тээвэр, мэдээллийн технологийн газрын ахлах захирал Пьер Гуислаин нартай уулзаж, Бага хурлын ач холбогдол, ДГХБО-ын хөгжлийг дэмжих боломж болон хоёр талын хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов. Бага хурал үргэлжилж байна.