logo
Монголын зураачдын уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болов

Монголын зураачдын уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болов

2014/11/04

Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2014 онд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Женев дэх Байнгын төлөөлөгчийн газраас “Ulysse Nardin” компани болон “Banca Popolare di Sondrio” банктай хамтран монголын зураачдын уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааг Ньюшател хотноо 2014 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд тус байнгын төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцож, Banca Popolare di Sondrio банкны захирал ноён Димитри Консоли болон Элчин зөвлөх Г.Жаргалсайхан нар үзэсгэлэнг нээж үг хэллээ.

Үзэсгэлэнд монголын уран зураачид болох Л.Бумандорж, Ц.Нармандах, Б.Номин, Т.Рэгзэн нарын бүтээлүүд тавигдсан бөгөөд монгол ахуй, соёл, зан заншил зэргийг агуулсан уран зургуудыг тус хотын иргэд ихэд сонирхон үзэж байв. Монгол зураачдын үзэсгэлэн 2015 оны нэгдүгээр сарын 31 хүртэл үргэлжлэн гарна.

Үзэсгэлэнг тус улсад 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд анх Фраунфелд хотын иргэдэд толилуулсан ажээ. Дээрх арга хэмжээ нь Монгол-Швейцарийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажиллаж буй иргэд, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, монгол ахуй, соёл, зан заншлыг суугаа орондоо сурталчлах, таниулах зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш