logo
Халдлага болсон ч ёслолоо үйлдэв

Халдлага болсон ч ёслолоо үйлдэв

2014/11/04
Энэтхэг болон Пакистаны тал Вагах хэмээх хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр цэргийн ёслолоо уламжлалын дагуу хийсэн байна. Үүнээс нэг өдрийн өмнө тус газрын ойролцоо амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж олон арван хүний аминд хүрчээ. 

Өдөр тутам үйлддэг цэргийн ёслолыг түр зогсоохоор төлөвлөөд байсан ч Пакистаны цэрэг армийн удирдлагууд ард түмнээ терроризмын эсрэг нэгдэхийг хүсч байна гэж мэдэгдсэн талаар BBC мэдээллээ. Ёслолыг үзэхээр Пакистанчууд хүрэлцэн ирсэн хэдий ч Энэтхэгийн иргэд ирээгүй аж.
 
Шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо нэгэн амиа золиослогч бөмбөг дэлбэлсний уршгаар 55 гаруй хүн амь үрэгдэж, 100 орчим хүн шархадсан юм. Пакистаны Талибууд энэхүү халдлагыг үйлдсэн гэж BBC-д мэдээлсэн ч өөр нэг зэвсэгт бүлэглэл болох Жундулла мөн л халдлагын ард байсан хэмээн мэдэгдсэн байна.
Хил дээр нар жаргах үед болдог туг буулгах ёслолыг цуцалсан бол энэ нь Энэтхэг, Пакистан улсууд 1971 онд дайтсанаас хойших анхны тохиолдол болох байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш