"Бүтээн байгуулалтын цаг" уулзалтад Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл оролцож, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцууллаа.
Шинэчлэлийн Засгийн газар ноолуур, ноос, оёдол, сүү, хүлэмжийн аж ахуй гэсэн тэргүүлэх таван чиглэлийн үйлдвэрлэлийг эхний ээлжинд дэмжих бодлого барьж, "Чингис" бондын эх үүсвэрээс 159 төсөлд 154 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Импорт орлож, экспорт нэмэх 888 төслийн хүрээнд 2 тэрбум төгрөгөөс дээш дэмжлэг хүссэн хүнс, гэр ахуйн бараа, газар тариалан, сав баглаа боодол, ноос ноолуур, боловсруулах үйлдвэрлэлийн томоохон 15 төсөлд 109 тэрбум төгрөгийн зээл олгохоор батлагдсаны эхний санхүүжилтүүд эзэддээ очсон. Үүнээс гадна Засгийн газраас арьс ширний үйлдвэрлэлийг дэмжихээр баталсан 140 тэрбум төгрөгийн хөрөнгөөс 29 төсөлд 50 гаруй тэрбум төгрөгийн зээл өгчээ гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл хэллээ.
Шинэчлэлийн Засгийн газар үйлдвэржилтийн шинэ эринг зарласнаар наймааны биш үйлдвэрлэлийн сэтгэлгээ төлөвшиж эхэлсэн нь Монголын түүхэнд цоо шинэ хандлага юм гэж тэрбээр тодотголоо. Сүүлийн 2 сарын хугацаанд гэхэд Булган аймгийн Бүрэгхангай суманд төмрийн нойтон баяжмалын үйлдвэр, Эрдэнэт хотноо молибдены баяжмал боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо. Нийслэлд уржигдар гутлын үйлдвэр үүдээ нээж, өнөөдөр яс боловсруулах үйлдвэр туршилтаар ажиллаж эхэллээ. Хаягдал яс боловсруулах үйлдвэрийг дагаад цаашид тос, гурил, кальци, саван, шампунь, шаазан эдлэл, бэлэг дурсгал гээд олон чиглэлийн үйлдвэрлэл хөгжинө гэлээ.
888 төслийн санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа нь санхүүжилтийг удаашруулж байна гэсэн шүүмжлэл тасрахгүй байна. Банкууд шаардлагаа тавьж, эрсдлийн судалгаа хийсний үндсэн дээр зээл олгох нь төслийн санхүүжилтийг удаашруулдаг ч илүү сайн механизм манайд хараахан бүрдээгүй байна. Одоогоор Хаан, Голомт банкууд хамгийн олон буюу 56-65 төсөлд зээл олгосон бол Худалдаа хөгжлийн банк хамгийн өндөр хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ. Өмнө нь төрөөс ийм хэмжээний дэмжлэг үзүүлж байсан туршлага байхгүй нөхцөлд хувийн хэвшил ч, арилжааны банкууд ч хамтын ажиллагааны зөв механизмд орж эхэлсэн нь сайн хөрс суурь бүрдүүлж байна гэж ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.