Хуралдаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг яамдын сайд нар болон холбогдох ажилтнууд оролцлоо. Байгаль, орчин ногоон хөгжлийн салбарын төсөв 2015 оны төсвийн төсөлд 95,9 тэрбум төгрөг төсөвлөгдөж улсын төсвийн нийт зардалд эзлэх хувь нь 1,7 хувь болсон нь 2013 оноос 0,8 пунктээр буурч, 2014 оны батлагдсан төсвөөс 0,4 пунктээр өссөн байна. Салбарын нийт зардлын 81,6 хувийг урсгал зардал, 18,4 хувийг хөрөнгийн зардал эзэлж байгаа байна. Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын багцын төсв 142,986,1 сая төгрөг болж 2013 оны гүйцэтгэлээс 2,168,9 сая төгрөгөөр буюу 2,2 хувиар өсч, 2014 оны тодотгосон төвсөөс , 22,0 хувиар буурчээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, С.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, манай улс мал аж ахуйн орон. Иймээс иргэдээ хоолтой, ажилтай байлгадаг гол салбартаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Өнөөдөр Швейцарийн хөгжлийн агентлагийн шугамаар мал эмнэлгийн сургууль барих асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа. Газар нь бэлэн байна. Гэтэл энэ сургууль дэргэдээ эмнэлэггүй, хуучин тавиад оны барилгатайгаа өдийг хүрч байна. Энэ мэт асуудлыг яам олж хардаг юмуу үгүй юу гэсэн шүүмжлэлийг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, ногоон худалдан авалтын асуудлыг 2015 оны төсөвт хэрхэн тусгасан талаар болон хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр цаашид хөрөнгө оруулалтыг оновчтой болгох, тухайн салбаруудын бизнесийн идэвхжлийг нэмэгдүүлэх асуудал төсөвт яаж туссан талаар тодруулсан юм.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан өгсөн тайлбартаа, мал эмнэлгийн сургуулийг барих асуудлыг бодлогын хүрээнд дэмжиж байгаа. Харин шинжлэх ухааны болон хөдөө аж ахуйн сургууль мөн мал эмнэлгийн сургуулийн барилгыг барих асуудал Боловсрол, шинжлэх ухааны салбарын багцад багтдаг учир манай яамны зүгээс энэ асуудлыг төсөвт тусгах боломжгүй гэсэн хариултыг өгсөн.
Мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж хариултдаа, гурил махны үнэ тогтвортой явж байна. Элсэн чихэр, цагааны будааны хувьд зах зээлийн горимоор явж байгаа гэсэн хариултыг өглөө.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, цэвэр агаар сангийн шугамаар гэр хорооллын өрхүүдэд шинэ зуух олгох болон сайжруулсан түлшээр хангах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах, агаарын бохирдлыг бууруулах урамшууллын арга хэмжээг үргэлжлүүлнэ. Түүнчлэн нийслэл, салбар яамдтай хамтран гэр хороолын цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх, нам даралтын зуухыг шинэчлэх, зам тээврээс үүдэлтэй бохирдлыг бууруулах ажлыг хийж гүйцэтгэхээр 30,2 тэрбум төгрөг төсөвлөсөн гэв. Ингээд гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.