logo
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2014/11/05

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2014.11.04/ 17:55 цагт хуралдаж Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Байнгын хорооны үдээс өмнөх хуралдаанаар төсвийн төсөл дээр ажиллаж тодорхой жагсаалт, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн Ё.Отгонбаяр танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, саналаа хэлэв.

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс оруулж ирсэн болон, гишүүдээс гаргасан саналын томьёолол тус бүрээр санал хураалт явууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга  Д.Батцогт Ховд аймгийн Булган суманд 2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 50 ортой эмнэлэг байгуулах, 2015 онд санхүүжүүлэх 1 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн сайдын багцад нэмж тусгах санал гаргаж дэмжигдлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд  3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий  240 хүүхдийн цэцэрлэг байгуулах болон тус дүүргийн 19 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн ажилд 1,5 тэрбум төгрөг тусгах санал  гаргаж 92,3 хувийн саналаар дэмжигдэв.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт,аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн  Увс аймгийн  Улаангом хотод цэнгэлдэх хүрээлэн байгуулах, энэ ажилд шаардагдах  2 тэр бум төгрөгийг Соёл, спорт,аялал жуулчлалын сайдын багцад тусгах санал 81,8 хувиар, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн  Хөвсгөл аймагт 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий сургуулийн дотуур байр, тус аймгийн Тосонцэнгэл суманд 860 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий  100 ортой цэцэрлэгийн барилга барих санал 91,7 хувиар тус тус дэмжигдэж байнгын хорооны хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш