logo
 Венагийн үйл ажиллагааны 2014-2024 оны хөтөлбөр батлагдлаа

Венагийн үйл ажиллагааны 2014-2024 оны хөтөлбөр батлагдлаа

2014/11/06

Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотноо гурван өдрийн турш амжилттай хуралдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО) -ын асуудлаарх НҮБ-ын  хоёрдугаар Бага хурал 2014 оны 11 дүгээр сарын 5-нд өндөрлөв.

Бага хурал нь Алматын үйл ажиллагааны хөтөлбөрийн туршлага, сургамжид үндэслэж ДГХБО-д тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах илүү тохиромжтой арга замыг эрэлхийлэх, эдгээр орны хөгжлийг дэмжиж, дэлхийн боломжуудтай холбох зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж, Венагийн Тунхаглал болон Венагийн үйл ажиллагааны 2014-2024 оны хөтөлбөрийг батлан гаргалаа.

ДГХБО-ын тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад  жинтэй хувь нэмэр болох Венагийн үйл ажиллагааны хөтөлбөрт дэд бүтэц, олон улсын худалдаа, худалдааг хөнгөвчлөх зэрэг гол чиглэлээс гадна эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бүс нутгийн интеграцийг өргөжүүлэх зэрэг олон чухал асуудлыг тусгасан юм.

Түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй болон транзит орнууд, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ДГХБО-ын Олон улсын судалгааны төв (ОУСТ)-тэй хамтран ажиллах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах асуудал энэхүү хөтөлбөрт багтсан.   
Манай улсын санаачилсан ДГХБО-ын ОУСТ-ийн асуудал ирэх арван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нь Улаанбаатар хотноо байгуулагдаж буй анхны олон улсын байгууллагыг дэмжих, нөгөөтэйгүүр эдгээр орны тусгай хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлох, олон улсын түвшинд бүлгийн эрх ашиг, байр суурийг хамгаалахад  чухал ач холбогдолтой болов.  

Бага хурлын хүрээнд энэ өдөр зохион байгуулагдсан “ДГХБО-ыг бүс нутгийн дэд бүтцийн сүлжээнд холбох нь” сэдэвт арга хэмжээнд манай төлөөлөгчид оролцож, ГХЭЗХАЯ-ны ОУБГ-ын захирал Г.Ганболд тээвэр, эрчим хүч, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай танилцуулга хийв.

Манай төлөөлөгчид далайд гарцгүй хөгжиж буй зарим орны төлөөлөгчидтэй уулзаж, ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээр болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш