logo
Үзэсгэлэнтэй тархи,  өндөр нуруу, өнгө зүс  эсвэл оффшор данс ...

Үзэсгэлэнтэй тархи, өндөр нуруу, өнгө зүс эсвэл оффшор данс ...

2014/11/06
2012 оны сонголтын үр дүнгээр сүүлийн 10 жилд хамгийн урт хугацаанд оршин тогтносон Шинэчлэлийн засгийн газар ах намынхны санаачлага, АН доторх хагарлынхаа үрээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Энэ засагт хийж бүтээсэн, сайн сайхан нь муу, муухайгаасаа их байсан гэдэг Ерөнхийлөн засаглагчийнхаа золионд нурж унав. Харин одоо бол “нэгэнт өнгөрсөн түүх” гээд “нэн шинэ түүх”-ээ бичихээр улс төрчид яарч байна. Өөр өөрийн сүлжээгээр Ерөнхий сайдын сэнтийд горилогч, горилуулагчдын реклам аль хэдийн цацагдаад эхэлчихсэн байна.

Одоогийн байдлаар хамгийн хүчтэй рекламдуулж байгаа нь Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Л.Гантөмөр нар байна. Сошиал ертөнцийнхөн Ч.Сайханбилэгийг өндөр нуруу, хөөрхөн царайгаар нь илэрхийлж байна. Угтаа бол өөр гийгүүлсэн зүйл энэ төрд хийгээд улс оронд байхгүй байгаа юм байлгүй дээ. Хөөрхөн царай нь сошиал орчинд өндрөөр үнэлэгдэж байх юм. Харин С.Баярцогтын хувьд оффшор данс нь “азаартаагүй” бол хийгүй, хээгүй гэж үнэлэгдэн УИХ-ын дэд дарга хүртэл дэвшиж, гялалзаж асан нэгэн. Түүнийг сүрхий гэж магтахгүй ч оффшор данс, Хятадын Монгол гэдэг дөрвөн үг нэг мөр “үгүй хийж” мэдэхээр байна. Үгүй дээ л Ерөнхий сайд болгохгүй бололтой юм. Харин Л.Гантөмөрийн хувьд хамгийн нэр цэвэр, басхүү “үзэсгэлэнтэй тархи”-тай  гэгддэг ч сүүлийн үед нэг кофе шопийн нээлтэд очсон гэдгээрээ оноо алдаад байгаа “товариш”. Кофенд дуртай, ажлын бус цагаар ч бай ажлын бус үедээ ч бай кофе шоптой найзтай байх эрх, нээлтэд оролцох үүрэг Боловсролын сайд хүнд байдаггүй гэдгийг мэддэгүй байж.

Ер нь бол сайн муугаар дуурсах гавьяагүй байх, оффшор дансаа нуух, ил цагаан кофе шопийн нээлтэд оролцох гурвын аль илүү улс эх оронд хортой байх вэ гэдгийг жинлэх аргагүй юм.  Ямартаа ч ерөнхий сайд болсон болоогүй нэгэн үеийн залуу улс төрчид энэ засгийн өнгийг тодорхойлж мэдэх нь. Үүнийг эрх баригч намын ҮЗХ-ныхны өнгө үзэмж, хор, хэлний найраа мэдэх хэрэг болж. Өндөр сайхан нуруутай, хөөрхөн залуу юу, Хятадын Монголын оффшор данс уу, Үзэсгэлтэй тархитай кофечин уу гэдгийг хэдхэн хоног тэсэхэд мэдэхээр байна. Харин энэ гурвын дундуур “хүчээр хөдөлмөр эрхлэгч”, ганцаардсан эдийн засагч Р.Амаржаргал гоц мөргөж мэдэх ч юм билүү хэн мэдлээ.

Э.Болор
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш