logo
Си Жиньпинийг дагалдан явсан албан тушаалтнуудыг илчлэв

Си Жиньпинийг дагалдан явсан албан тушаалтнуудыг илчлэв

2014/11/07
Хятадын ерөнхийлөгч Си Жиньпинийг дагалдан Танзани улсад айлчилсан албан тушаалтнууд зааны соёо хууль бусаар худалдан авсан гэж байгаль орчин хамгаалах чиглэлээр ажилладаг нэгэн байгууллага мэдэгдлээ. Төлөөлөгчид их хэмжээний зааны соёо худалдан авч, орон нутгийн зах зээл дээр нэг кг-ийнх нь үнэ 700 ам.доллар болж хоёр дахин өссөн гэж Environmental Investigation агентлаг тайландаа онцолсон байна.
 
Харин Танзаний тал үүнийг эрс үгүйсгэсэн бол Хятадын гадаад хэргийн яам ямар ч үндэслэлгүй мэдээлэл хэмээн шүүмжилжээ. Гэхдээ байгаль хамгаалагч идэвхтнүүдийн хэлж байгаагаар Хятадад зааны соёо эрэлттэй байдаг тул хулгайн ан зогсохгүй байгаа аж.

Сүүлийн жилүүдэд Африкт хууль бус ан нэмэгдсэн ба гэмт бүлэглэлүүд соёог нь авах зорилгоор зааныг олон арваар нь хядаж байгаа талаар BBC мэдээлж байна. Environmental Investigation агентлагийн тооцож  байгаагаар хулгайн анчдын нийлүүлсэн зааны соёо хамгийн элбэг байдаг улс нь Танзани ажээ.

Харин Хятадад зааны соёо болон түүгээр хийсэн эд зүйлс худалдаалах лицензтэй 150 дэлгүүр байдаг байна. Устах аюулд орсон ан амьтдыг хамгаалах 1989 оны конвенцийн дагуу зааны соёо худалдаалахыг хориглосон байдаг ба энэ конвенцид нэгдсэн орнуудын тоонд Хятад, Танзани аль аль нь багтдаг юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш