Авлигатай тэмцэх газраас жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-н буюу НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан улсын хэмжээнд нийт төрийн байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга-2014” уралдааныг зарлалаа.
Хээл хахууль, хүнд суртлаас ангид үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, сайн засаглалыг салбар бүртээ, байгууллагын дотооддоо нэвтрүүлж байгаа тэргүүний арга туршлага, санаачилгыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах, бусад төрийн байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад үлгэр дууриал болгоход уралдааны зорилго оршиж байгаа ажээ. Уралдаанд оролцох төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нь энэ оны туршид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, арга хэмжээний талаарх танилцуулга мэдээллээ 2014 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх юм байна.
Уралдааныг зохион байгуулагчдаас бүрдсэн тусгай хороо тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулалтыг хийж, шилдэг долоон байгууллага, хоёр албан тушаалтанд тусгай шагнал олгох бөгөөд тэднийг улсын хэмжээнд алдаршуулах ажлыг зохион байгуулна. Шагналыг 2014 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр буюу Авлигын эсрэг олон улсын өдөр гардуулна.