logo
Гацаанаас гал дөлтэй залуу үеэ оруулж ирж гарцгаая

Гацаанаас гал дөлтэй залуу үеэ оруулж ирж гарцгаая

2014/11/11
“Хаалга тэр бүр өөрөө онгойдоггүй юм шүү. Нээгдсэн үед нь босго даваад орохоос бүү айж бай”  гэж улс төрийн нэгэн том зүтгэлтэн надад хэлж байж билээ. Тэр эрхэм өөрийнх нь өмнө хаалга онгойх тоолон орж байсан. Зарим үед өөрөө гөжиж онгойлгоод, зоримогоор татаж түлхээд л орж ирж байсан хүн л дээ. Одоо тэр хүн олон залуусын мөрөөдлийг сэрээгч, дагуулагч болсон.

Өнөөдөр яагаад ч юм энэ дурсамж санагдав. Хаалга бол шат шиг том ойлголт. Аль ч утгаараа. Тийм ч учраас оройхон эхлүүлсэн мөрөөдлийн сониноо “Open door “ буюу “Нээлттэй хаалга” гэж нэрлэсэн юм. Тийм ээ, Хаалга...энэ бол сонирхолтой ойлголт. Надад лав тэгж л санагддаг.

 Үндсэндээ манай орон бол хүүхэд залуучуудын орон. Тэгсэн хэрнээ залуу үеийн өмнө хаалга гэдэг энэ ойлголт нээхэд хамгийн бэрх зүйл хэвээрээ  байсаар. Ийм бодол бидний далаад оныхонд лав хар аяндаа төрж эхэлж байна. Салбар салбарт л залуус хаалга тогшин хүлээлгийн өрөөнд тэвчээртэй зогссоор нөгөө залуу гэх насныхаа тодорхой үеийг “гадаа” өнгөрөөдөг жишгийг өнөө халах цаг болжээ.

Би жишээ татъя л даа. Улс төрөөс дутуугүй өрсөлдөөнтэй, хатуу ёс жаягтай салбар бол урлаг билээ. Саяханыг болтол манай сонгодог урлагийн цорын ганц академик театр “хаалттай” ертөнц байлаа. Бас л аймшигтай хатуу ноёрхол тэнд эзэрхийлж байв. Агуу их Х.Уртнасан, агуу их А.Загдсүрэн, Ц.Пүрэвдорж, Б.Жамъяндагва, Л.Эрдэнэбулган нарын ланжгар үе энэ ягаан байшингийн туурганаас эдүгээ ч түүх хүүрнэн байдаг. Аваргуудын “тулаан” эцэстээ тулж, агуу их А.Загдсүрэнг тухайн цаг үеийн тэргүүн хатагтайн тусламжтайгаар хаалганы гадаа түлхэн гаргасан гашуун түүх гансран ханхалдаг. Гэвч алдаагаа эргэж мэдрэх чанар тэргүүн хатагтайд байжээ. Хожмоо тэр дурсамжиндаа “Би А.Загдсүрэнг гомдоосондоо ихэд гэмшиж явдаг. Тэр бол бидний бахархал байсан. Большой театрын тайзнаас цуурайтаж байсан түүний уянгалаг яруу хоолой одоо ч надад сонсогдож, зочид гийчид Цэдэнбал бид хоёрт баяр хүргэн “гайхалтай” хэмээн дуу алдацгааж байсныг мартахын аргагүй ” гэж шүүрс алдан өгүүлсэн байдаг.

 Алтан гургалдай хэмээн шагшигддаг байсан А.Загдсүрэнд гавъяат цол хүртсэнээс нь хойш 31 жилийн дараа ардчилал гарч ирж байж ардын жүжигчин цолыг нь олгож байжээ. Шагнал гардаж гарч ирээд тэр их дуучин юу хэлсэн гэж уншигч авхай та бодож байна. Бодоход бүчин авсан сэтгүүлчдийн хөндүүр асуулт  шархан дээр нь дараа л биз. Гэвч тэр “Урлаг зүтгэлтнээсээ асар их тэсвэр тэвчээрийг шаарддаг. Би үүнд суралцсан” гэхээс өөр үг хэлээгүй. Тэдний эзэрхийллийн үед өнөө цагийн алдарт дуучин А.Долгор, Б.Жавзандулам, З.Мөнхшүр нар хөшигний ард л чичрэн зогсч байсан. Зууны манлай Х.Уртнасан хатан хааны титмээ тийм ч амар шилжүүлсэнгүй. Хожмоо тэр “Уучлаарай, би...бас миний хоолой цагийг эзлээгүй гэж үү” хэмээн ихэмсэгээр мэдэгдэж байв. Хэн үгүйсгэх билээ. Үүдний өрөөнд харин залуу сопрано-ууд хүлээгээстэй л байв. Магадгүй олон олон дуучин Кармен, Чио Чио Саныг мөрөөдсөөр элж байсан биз. Арга буюу сонгодог урлагт Х.Уртнасангийн титмийг Б.Жавзандулам авсан. Авсан биш ээ, түүнд хатан хаан өөрөө титмээ өгсөн юм. Үүнийх нь ачаар хэдхэн жилийн өмнө дэлхийн тайзнуудад бараг үзэх боломжгүй нас тогтсон Татъяанаг (Евгений Онегин) бид хүлээн авцгааж байж билээ. (энд хоолойн чансааны тухай хөндөөгүй болно) Миний юу ярьж буйг уншигч авхай та сэтгэлийн гүндээ мэдрэн суугаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Дуурийн театрын хаалгыг залуу удирдагч ирж байж залуусын өмнө нээж өгсөн юм. Үүнийх нь төлөө хатагтай Сэргэлэнд талархах ёстой. Б.Жавзандулам хоймрыг данайн эзэлсээр бас л чамгүй олон жил болсон. Ямар дэглэм туулсан тэрийгээ дараагийн үедээ өвлүүлэхээс сийхгүй маягтай л эзэгнэж,  А.Долгор зохиолын дуу руу нэг гүйж, нэг ирэн сэргэлэнтэж , З.Мөнхшүр “Кармен”-даа л хадагдан бараг ганц дүртэй л дуурийн түүхэнд үлдсэн гэвэл хатуудсан болохгүй. Одоо энэ театрт наяад оныхон хүч түрэн орж ирээд байна. Тэд нээсэн хаалгаар эгнээгээрээ түрхрэн орж ирсэн юм. Нэгэнт хаалга нээгдсэн учраас тэнд тэсрэлтүүд гарч, энд тэндгүй манай дуучид цахиур хагалан, энэ урлаг Монголд дэлхийн төвшинд хүрснийг зарлан тунхаглаж байна. Тийм ээ, хаалгаа нээсэн газар ийм л амжилтуудыг дагуулдаг ажээ. 

Өнөөдөр манай улс төрийн орчин дотроосоо өмхрөн муудаж буй тухай амтай болгон шагшиж байна. Арга ч үгүй биз дээ, улс төрийн тулгуур хоёр том хүчинд гэхэд сүүлийн 25 жил үе солигдсонгүй. Өөрчлөн байгуулалтын давалгаанаар өмнөх үеэ түлхэн унагаж орж ирсэн үе өнөө ч ноёрхсоор. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй ч тэд өнөөдөр шийдвэрлэх эрх мэдлийг гартаа атгасан хэвээр. Энэ байдал нь арга буюу зарим хүчний залуусыг цүнх баригч болгон эвдэж, цахилгаан шатанд суун хялбарчлах зам руу түлхэн оруулсан. Өнөөгийн МАН-ын үндсэн хямралын суурь ердөө энэ. Жартнууд нь жавар үлээлгэсээр байгаад залуу үеэ хэмхэлчихсэн. Эднийд “Дүү хүү хатавчинд сууж бай” гэдэг хатуу хууль л үйлчилдэг байв шүү дээ. Энэ хууль Н.Энхбаярын ч, С.Баярын ч өмнө хөндөлсөж байлаа. Н.Энхбаяр хөгшдөө налж, хөлд нь суун аяархан гэтэж байсан бол С.Баяр “Уучлаарай, би тийм ч тэсвэрлэг биш. Тэр тусмаа толгой бөхийх дургүй” гэж хэлээд хаалга шидэн гарч байсан. Тэдний цаг бас ч амар ирээгүй юм даа.

Харин АН бол өөр. Тэдэнд нам дотор нь өмнөх үе гэж байхгүй. Өөрсдөө шангаа татаж, зэлээ хатгаж, гэрээ барьсан. Гэрээ барьсан ч гэж дээ, барьтал лав 10 жил дотроо талалцсан. Одоо ч энэ зуршил нь арилаагүй. Ардчиллын залуус гэж чичлэгдэх алдрыг тэд маань өөрсдөө ийнхүү дархалж байлаа. Хамгийн гол нь тэд маань ардчиллын залуус гэж хэлэгдсээр байгаад өөрсдийнхөө цагийг хорин хэдтэй хувьсгал хийж байсан үе дээрээ мартаад орхичихсон. 

Монголын улс төрийн нэгэн тод лидер, хатагтай Б.Дэлгэрмаа энэ тухай “ Улстөрчдийн  генерацийг бэлтгэдэг, хэддүгээр эшелоны хүмүүсийг хэзээ нь эрх мэдэлд хүргэх вэ гэдэг энэ философи бол агуу ойлголт. Ерэн оноос хойш явсан энэ улстөрчид байр сууриа дараагийн генерацид хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл  бидний хувьд тэр генерациа ерөөсөө бэлтгээгүй юм билээ” гэж  өнгөрсөн хавар “Open door “- ын хоймор уригдахдаа дурссан. Ингэж хэлж чаддаг нь энэ намд байхгүйтэй адил. Тийм ч учраас түүний үг залуусын сэтгэлд халуун дулаанаар буусан биз. Хэдийгээр АН залуу үеэ нөмөртөө  торниулж, МАН-ын зарим шинэ үеийн лидер шиг тусгайлан бэлтгээгүй ч цөөн тооны залуус өөрсдийн хүчээр гарч ирсэн. Гэсэн ч тэд залуусынхаа толгой дээгүүр ширтсэн хэвээрээ л байна. Хэрэв энэ байдал ахиад цаашаа сунавал эл нам том зургаараа улам л уруудна. Би АН-ын лидерүүдийг тэтгэвэртээ гар гэж уран сайханжиж орилохгүй. Гэхдээ ухаалаг Төрийн төлөө гэх том зорилтыг хижээл насандаа тавьж чадсан  тэд ухаалаг залгамжийн тухай бодлогоо одоо хийх цаг болсон.

Өнөөдөр АН өөрийн засаглалын үедээ Ерөнхий сайдаа авч хаячихаад, намын хямралаа Төрийн хоймор луу чирч авчирчихаад л байж байна. Тэдэнд ийм түүх байхгүй биш байгаа. Гэсэн ч хоёр дахь мянган эхлээд арван хэдэн жил болсон ч мөнөөх л дотоодын дажин нь хэвээрээ буглаж явсаар энэ хүрч ирснийг бид харж байна. Өчигдөр парламент доторх тус намын бүлэг хуралдаж олонхийн саналаар Р.Амаржаргалын нэрийг Ерөнхий сайдад өргөн барихаар болжээ. Гэвч намын даргын суудлаа өгөөгүй байгаа Н.Алтанхуяг дүрмээр олгогдсон эрхээ эдэлж  гэнэт шөнө дөлөөр мэдэгдэл хийж хариу шантааж хийлээ. Түүний мэдэгдэл УИХ дахь намын бүлгээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд буй Р.Амаржаргалыг дэмжихгүй гэсэн шулуухан утга тээж байна. Тэр ийнхүү  "Шинэчлэлийн засгийн газрыг огцруулахад санал өгсөн  гишүүдээс АН-ын даргын хувьд хэнийг нь ч Ерөнхий сайдын албан тушаалд нэрийг нь дэвшүүлэхгүй” гэж хурцхан хариу барив. Энэ бол цөөн хэдэн лидерийн өөрийн үе дотроо хийж байгаа “дайн”. Үүнд залуус хамаагүй.

Р.Амаржаргал Монголын улс төрийн хүчтэй лидерийн нэг яах аргагүй мөн. Тэр мэдлэг боловсрол, нэр хүнд, лидерийн цараа чансаагаараа өмнөх Ерөнхий сайдаас хол илүү. Үүнтэй хэн ч маргахгүй. Харин түүнд ийм баларчихсан үед бусдын тарьсан балагтай ноцолдох хүсэл зориг яг байгаа болов уу. Өөрийнх нь дотоод шийдвэр мөн үү. Эсвэл зүгээр л бусад цаг үедээ өөр зуураа найрсалдан хөтлөлцөж, нэр цэвэр түүнээс үнэн хэрэгтээ жийрхэн дөлж ирсэн үеийнхэн нь “авраач” гэж очсон юм болов уу. Аль эсвэл мөр цэвэр түүнээс өөр сонголт эдний үе дотор байхгүй байв уу...гэх мэт олон асуулт байна. Р.Амаржаргалд нэг чанар байдаг. Тэр нь түүний дутагдал уу, давуу тал уу гэдгийг хэлэхэд хэцүү. Тэр бусад найзууд шигээ улайрч чаддаггүй. Тэр ихэнхдээ ухардаг. Ялангуяа эрх мэдлээс. Өдгөөгийн Засгийн газрыг байнга хурцаар шүүмжилж ирсэн байр суурь нь тэсгэл алдсаных, ичиж зовсоных, уурлаж тэсэрснийх байсан. Түүний энэ үеийн тэмцлийг зүгээр л албан тушаалгүй үлдсэний хорсол гэх мэтээр зажилж суугаа нөхдүүд бол улс төрийг багцаалддаг, амныхаа хэрээр чалчигчид л юм. Мэддэг хэсгийнхэн түүнд ийм шошго зүүж чадахгүй.  Тэгэхээр одоо яах вэ. Н.Алтанхуягт одоохондоо хадгалагдаж буй дүрмээр олгогдсон эрх хөндөлсчихлөө. Түүнд ийнхүү уурсах шалтгаан байгаа шүү дээ.

Үнэн хэрэгтээ тэр өөрийн үе дотроо хэзээ ч нэгдүгээр эгнээнд зогсож байсангүй. Алтан гэж тодотгох арав хүрэхгүй лидер дотор түүний толгой цухуйдаггүй. Арга буюу хувь заяагаар ирсэн Ерөнхий сайдын сэнтий автоматаар түүнийг Төрийн гурван том албан тушаалтны нэг байлгаж түүхийг нь зузаалав. Бусдаар бол түүний цээжин дэх хорсол түүнийг хэзээ ч Ц.Элбэгдорж шиг, Да.Ганболд шиг, Э.Бат-Үүл шиг, Баабар шиг,Б.Дэлгэрмаа шиг  үнэт зүйлийн философлог агуулгаар харж өгдөггүйд байдаг. Уг нь тэр чадлаараа хорин хэдэн жил дайтаж энэ хүрсэн ч болж өгсөнгүй. Үнэхээр асар их тэмүүлэл, асар их хөдөлмөр, асар их ухаан зарж тэр өнөөдөрт ирсэн.  Гэвч нурчихлаа. Одоо тэгээд яах вэ. Энэ хэдэн буурал толгойтыг хараад хүлцээд л сууцгаах уу?

Хаалгаа хагас онгойлгоод хоорондоо алалдаж байгаа тэдний дунд залуу үеийн төлөөлөл байна уу. Байнаа. Тэднийг түүчээлэн Лу.Гантөмөр хэмээх залуу лидер зогсож байна. Сүүлийн хэдэн өдөр олон нийт энэ залуугийн зүг анхааралтай харцгаав. Тийм ээ, тэр залуу. Гэхдээ өтөл насны залуу үе гэгддэг дөчин насны босгыг давсан эр. Өдгөө тэр 42 настай. Улс төрд 1999 онд МҮАН-ын бага чуулганы гишүүн болсноор орж ирсэн түүний түүхийг бид сайн мэднэ. Япон школтой. Тасралтгүй, мятрашгүй зан чанартай, олонтой эвтэй, гал асааж, сэлэм эргүүлж давхидаггүй тогтуун дөлгөөн түүнийг муу хэлэх хүн улс төрд ч олон нийтийн дунд ч ховор.

1996 онд Япон улсын Сэндай коллежийг Цахилгаан холбооны инженер мэргэжлээр төгсөөд, дараа нь Нагаока Технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн Лу.Гантөмөр баргийн хүнд басуулахгүй боловсролтой.

Дэлхийд юм юмаараа пээдгэр Япончууд хүртэл түүнд сайд болсонд нь баяр хүргэж, Нагаокагийн их сургууль нь хүндэт доктор цолоо гардуулахыг харах үеийн бидэнд бахархалтай л байсан.

Үнэн хэрэгтээ улс төрд түүнийг манлайлж, араасаа дуудсан хүн нь ямар нэгэн Увс аймгийн ноёнтон биш Да.Ганболд байсан юм. Эдний хооронд хөгжилтэй түүх бий. Залуу халуун Гантөмөр сонгуульд ялаад л мөнөөх нууцлаг “багш” дээрээ ирдэг байжээ.  “Би яллаа” гээд. Нөгөө хачин нөхөр “Би чамайг улс төрд хөтөлсөн шүү, чи төлбөр хий” гэж явдаг далдага биш байдаг. Гэсэн ч “Би яах вэ” гээд очиход нь “Яахав, чи өөрийнхөөрөө л энэ улс төрд оролц. Наад амьдрал чинь бол өөрийн толгойтой хүн л амь­дар­даг орчин. Тийм учраас өөрийн тол­гой­той л бай” гэж гол номлолоо айлдсан гэдэг. Хөгтэй хоёр шүү. Бодохоор хоёулаа нүдэнд харагдаад инээд хүрдэг юм.

Ингээд нэгэнт “дампуу” багштай учирсан болохоор тэр өөрийнхөөрөө зоримогхон алхсан. Ямар сайндаа 2004 оны сонгуульд эвсэл байгуулагдсаны дараа Лу. Гантөмөрийг 76 дугаар тойргоос дэвшүүлэхгүй гэсэн шийдвэр гарч, тойргийг нь Эрэлийн намд өгнө өө гэхэд 7000 хүний гарын үсэгтэй захидал тухайн тойргоос нь М.Энхсайханд ирж байхав.  Өнөөдөр тэгж нэг тойр­гоос 7000 хүний яг таг га­рын үсгийг цуглуулдаг тийм улстөрч байна уу. Тэр харин үүнийг нэг ч төгрөгийн төлбөр хийлгүй хийсэн гэдэг. Лу ингэж л жинхэнэ Луу болох замналаа өөрийн гараар бүтээж яваа улстөрч билээ. Хамгийн их  глобалчлагдсан ард түмэн болох Япончуудын дунд олон жил суралцаж, амьдарсан тэрбээр дайсан татдаггүй, тэгсэн хэрнээ зусардаж өгдөггүй, өөрийн бодит хүчийг бүрдүүлж түүгээрээ шат хийж чаддаг чамбай чанарын эзэн.

Улс төрд нэг том гай чирч явдаг нутгийн үзэл гээч юм бий. Шууд хэлэхэд үеэс үе дамжиж ирсэн халх ойрд гэх тамтай талцалд цэг тавьж чадах хүн бол Лу.Гантөмөр.  

Түүний аав Өмнө­говь аймгийн хүн. Өмнөговь аймгийн Булган сумын Равдан тайж гэдэг хүний ач нь юм билээ. Тэгээд нисгэгч болоод Ховдод нисгэгчээр очиж тэр үед Ховдод  сурч байсан ээжтэй нь учирч гэрлэжээ. Энэ талаар тэр нэгэнтээ “Би ээжийгээ дагавал дөрвөд хүн. Ааваараа явбал халх хүн. Гэхдээ 10 жил төгссөн, төрсөн унасан газар гэдгээрээ би  Увсаар л овоглож яв­даг. Тэртэй тэргүй хүн төрсөн газраа өөрөө сонгодоггүй. Өөрөө төрдөг. Төрсөн хойноо холбогддог. Түүнээс биш бид өвөг дээдсээ хайх юм бол ер нь хаанаас ч ир­­сэн юм бүү мэд биз дээ. Тийм учраас би дөрвөд халх гэсэн сонин хэрүүлд дургүй, оролцдоггүй” гэж ярьсан. Тэр ийм үзлийг эс тоох үеийн тод төлөөлөл юм. Өөр нэг бодит хүчин зүйл нь тэр шийдэмгий. Өнөөдөр эрс тод шийдэл гаргах, зоримог хөдлөх шаардлагын өмнө бид зогсож байна. Өнөөдөр айж хулгах, арагшаа суух хүн хэрэггүй. Тийм учраас Лу.Гантөмөрийг дэмжих хүсэл залуу үед байна. Монгол хэдий болтол залуу насыг адлах вэ. Хэдий болтол залуу үеээ үүдэнд зогсоох вэ. Тэд хүлээлгийн өрөөнд шанхандаа сор суутал байлаа. Гацаанаас гал дөлтэй залуу үеээ оруулж ирж гарцгаая.

Хаалга хагас онгорхой байна. Татаад орооч, Гантөмөр өө. Чи бид хорин хэдтэй хүүхдүүд биш дөчин гуравтнууд шүү.

Нийтлэлч: Б.Ганчимэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш