logo
“Mongolia Update 2014” бага хурал болов

“Mongolia Update 2014” бага хурал болов

2014/11/12

Австралийн Үндэсний их сургуульд хоёр жил тутамд зохион байгуулагддаг “Mongolia Update 2014” бага хурал 2014 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хоёр дахь удаагаа Австралийн нийслэл Канберра хотноо зохион байгуулагдав. Австралийн Үндэсний их сургуулийн Ази, Номхон далайн коллежийн захирал, профессор В.Тэйлор, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Р.Болд нар хурлыг нээв.

Хуралд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт “Ашигт малтмалд суурилсан өсөлтийн улстөрийн эдийн засаг: Олон нийтийн хүлээлтийг хангах механизмууд”, МУИС-ын харьяа Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал, профессор Б.Түвшинтөгс “Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт ба Монголын эдийн засаг дахь уул уурхайн салбарын нөлөө”, Монгол Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа “Монголын орчин үеийн урлаг ба соёл”, Канадын Бритиш Колумбын их сургуулийн докторантур Ж.Мэндээ “Монголын ба дунд гүрнүүдийн харилцаа”, Австралийн Үндэсний их сургуулийн докторантур И.Юнг “Монголын уул уурхайн салбараас олсон орлогоо бэлэн мөнгөөр тараасан нь: Шинжилгээ болон сургамж”, Австралийн Хөдөө аж ахуйн яамны Хойд азийн газар хариуцсан захирлын орлогч С.Граймс, мэргэжилтэн Б.Бинкс нар “Австрали-Монголын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны боломжууд” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Австралийн Үндэсний их сургуулийн харьяа "Монголын хүрээлэн"-гийн захирал профессор Л.Нарангуа хурлыг хааж үг хэлэв. Хуралд нийт 80 гаруй зочид төлөөлөгч оролцов. Хурлыг Австралийн Үндэсний их сургуулийн харьяа “Монголын хүрээлэн” болон Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ хамтран зохион байгуулсан бөгөөд “Монгол судлалыг дэмжих сан”-гаас дэмжлэг үзүүлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш