logo
Хатгалгаатай тэмцэх дэлхийн өдрийн хэвлэлийн бага хурал боллоо

Хатгалгаатай тэмцэх дэлхийн өдрийн хэвлэлийн бага хурал боллоо

2014/11/12
Жил бүрийн 11 дүгээр сарын 12-ныг дэлхий нийтээр “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байна.Монгол улсад хатгалгаа нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь гол шалтгаан болдог. Дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэх болсон гол зорилго нь тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл эндэгдлийн зонхилох шалтгаан болж байгаа хатгалгаа өвчнөөс сэргийлэх, хатгалгаанаас үүдэлтэй эндэгдлийг бүрэн таслан зогсооход төр засаг, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчид, олон нийтийн анхаарлыг төвлөрүүлж, энэ ажилд уриалахад чиглэдэг ажээ.

 “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурлыг өнөөдөр/2014.11.11/ ЭМЯ-наа зохион байгууллаа. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Ньюнт-У, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бэнес, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.

alt

 Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэвлэлийн бага хурлыг нээж үг хэлэхдээ хатгалгаа өвчин нь урьдчилан сэргийлэх боломжтой, эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг, хандлагыг нэмэгдүүлж, 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын зонхилох шалтгаан болоод буй хатгалгаанаас сэргийлэх, таслан зогсооход бүх нийтийг хамтран ажиллахыг уриаллаа.

 Мөн ДЭМБ-ын суурин төлөөлөгч мэдээлэхдээ, “Хатгалгаатай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэхээр бид зэхэж байна. ДЭМБ нь Монгол Улсын Засгийн газарт техникийн туслалцааг үзүүлсээр ирсэн. Өнөөдөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх вакциныг Монгол улсад нэвтрүүлэх зорилгоор харуулдан тандалтыг явуулж байна. Вакцинжуулалтыг нэвтрүүлэхдээ нотолгоонд суурилсан байх ёстой” гэв.

 Ноён Роберто Бэнес тус үйл ажиллагаанд нэгдэж, НҮБ-ын Хүүхдийн сангийн дуу хоолойг хүргэх болсондоо таатай байгаагаа илэрхийлээд, хатгалгаанаас үүдэлтэй хүүхдийн эндэгдлийг 2025 он гэхэд бүр мөсөн таслан зогсоох зорилтод хүрэхийн төлөө холбогдогч бүхий л талуудтай хамтарч ажиллахыг эрмэлзэнэ. Энэхүү зорилтыг Монгол улсад бодитой хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын Хүүхдийн сан нь бүх талаар хичээж ажиллана гэдгээ хэллээ.

alt

 Эх, хүүхдийн эрүүл мэндий үндэсний төвөөс санаачлан маргааш буюу 2014 оны 11 дүгээр сарын 12-ны лхагва гарагт “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлэгт зохион байгуулахаар болжээ. Тэдний зүгээс эцэг эхчүүд, эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан 6 зөвлөмжийг бэлтгэн олон нийтэд хүргэх юм. Хатгалгаа өвчний талаархи эцэг эхчүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламжийг хайх чадамжийг бий болгох шаардлагатай байгаа гэдгийг ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хэлж байв. Мөн тэрээр хүүхдийг 6 сар хүртэл, цаашлаад 2 нас хүртэл нь эхийн сүүгээр хоолловол зөвхөн хатгалгаа өвчнөөс сэргийлээд зогсохгүй хүүхдийн өвчлөлийн олон шалтгаанаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга болохыг онцолж санууллаа. Эцэг, эхчүүдийн ердөө 10 хувь нь хатгалгаа өвчний шинж тэмдгийг мэддэг, улмаар ихэнх тохиолдолд цаг алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хожуу ханддаг байна. 

 Хатгалгаатай тэмцэх дэлхийн өдрөөр энэ жил хүүхэд бүрт хүрч, хатгалгаа ба бусад өвчнийг эмчилж, урьдчилан сэргийлснээр хүүхдийн сэргийлэх боломжтой нас баралтыг дэлхий дахинаа таслан зогсооход уриалж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш