logo
Швед улсад Монголын соёлын өдөрлөг боллоо

Швед улсад Монголын соёлын өдөрлөг боллоо

2014/11/12
Швед Улсын өмнө зүгийн нутаг болох Сконие (Skåne) муж дах Торна Холлестад суурин газрын соёлын өдөрлөгийн хүрээнд “Монгол гэр” компаний “Гэр камп” дээр Монгол орноо сурталчлах соёлын өдөрлөг  2014 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр амжилттай болж өнгөрөв.

Уг арга хэмжээнд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд З.Алтай, Сконие мужийн Лунд хотын захиргааны (коммун) Соёлын хэлтсийн дарга Холгер Раднер нар хүрэлцэн ирж, үг хэлэв. Мөн арга хэмжээнд Шведийн Сконие мужид амьдардаг монголчууд, Лунд хот болон Торна Холлестад суурины Швед иргэд 200 гаруй хүн ирж оролцов.  

Шведийн Сконие мужид амьдардаг иргэн Ганхуяг, түүний гэргий Энхжаргал нар 2012 онд “Монгол гэр” компани байгуулж, хэд хэдэн монгол гэр (“гэр камп”) барьж, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал эрхэлж байгаагаас гадна Монгол орны түүх, соёл, зан заншлыг сурталчлах үйл ажиллагаа явуулж байна.   

Монгол орноо сурталчлах соёлын өдөрлөгийн үеэр ирсэн зочдод хөгжимчин, хөөмийч Жамсран, бүжигчин Анар нар монгол үндэсний бүжиг, дуу хөгжмийн дээжээс тоглож үзүүллээ. Үүний зэрэгцээ Шведийн Лунд хотын дуучин хөгжимчин, найрал дууны удирдаач ноён Гөста Петерсений найрал дуучдын хамтлаг дууныхаа дээжээс сонирхуулав. Мөн “Монгол гэр” компани монгол хоол хийж ирсэн зочдоо дайлав.

Ийнхүү энэ удаагийн арга хэмжээ нь Монгол орноо сурталчлах, монголын түүх, соёл, зан заншлыг таниулан мэдэхэд ихээхэн ач холбогдолтой болов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш