Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Олон улсын байгууллагын газар Женев хотноо төвтэй Биологийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж, НҮБ-ын Зэвсэг хураах албатай хамтран “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх асуудлаар хамтарсан сургалт, семинарыг 2014 оны арваннэгдүгээр сарын 12-13-нд ГХЭЗХАЯ-нд зохион байгууллаа.
НҮБ-ын зүгээс энэхүү конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд мэргэжлийн, экспертизийн, техникийн туслалцаанаас гадна боловсон хүчин сургах чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлдэг билээ.
Дээрх конвенцийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд манай улсын 10 гаруй хууль тогтоомж үйлчилж байгаа ба ийм төрлийн сургалт нь ялангуяа хууль, эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хийх талаар санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлдэг.
Энэ удаагийн сургалт нь “Био аюулгүй байдал” сэдвээр болж буй бөгөөд энэ асуудлыг хууль тогтоомжид хэрхэн тусгаж оруулах талаар дүгнэлт гаргахад ач холбогдолтой юм.
2014 оны аравдугаар сарын эхээр болсон өмнөх сургалтын үеэр уг конвенцийг хэрэгжүүлж байгаа дотоодын хуулийн талаар Олон улсын судалгаа, үнэлгээ, шинжилгээний “VERTIC” төвийн дэмжлэгтэйгээр судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулаад байна.
Манай улс Биологийн конвенцид 1972 онд нэгдэн орсон бөгөөд олон улсын гэрээ, конвенцийн үзэл санааны дагуу дотоодын хууль, тогтоомжоо батлан хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг.