Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа үйлчилгээний хэлтсээс “Нийслэлийн түүх, соёл-бидний бахархал” аяллыг алслагдсан хороодын сурагчдыг хамруулан зохион байгууллаа. Үйл ажиллагааг Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа нээж, Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогзолмаа, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, Нийтлэг үйлчилгээний албаны дарга Ц. Ундрах болон холбогдох мэргэжилтнүүд, сургуулийн нийгмийн ажилтан, сурагчид оролцлоо.
Аялалын туршид Худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Жаргал дүүргийн төр, захиргааны байранд төрийн ажил, үйлчилгээ хэрхэн явагдаж байгааг танилцуулж, түүх судлаач, Улаанбаатар хотын музейн тайлбарлагч Г.Очбаяр нийслэл хотын түүх соёлын талаар баримтат кино үзүүлэн, “Нийслэлийн түүх, соёл-бидний бахархал” сэдвээр илтгэл тавьж, сурагчид мэдлэгээ тэлсэн юм.
Мөн тэд экологийн боловсролын төвийн байгаль экологийн музей үзэж байгаль эх дэлхийгээ хэрхэн хайрлах, байгалийн харилцан шүтэлцлийн талаар мэдээлэлтэй болохын зэрэгцээ Төрийн түүхийн музей, нийслэл хотын анхны шав тавьсан газар буюу Мэлхийн хөшөө түүхэн дурсгалт газруудаар тус тус аялав. Ийнхүү сурагчид нэг өдрийг сэтгэл хангалуун өнгөрөөж, дүүргийн нутаг дэвсгэр дэх түүхэн дурсгалын үүсэл гарвал, хотын хөгжлийн явц, зохион байгуулалтын түүхийг газарзүйн үүднээс харьцуулсан тайлбар маш их таалагдсан тухай ярилцаж цаашид улам их хотоороо бахархах, хайрлах сэтгэл төрж буйгаа илэрхийлж байлаа.