Рюриковчуудын эрин үе нь төр улс байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгээд зогсоогүй, эртний хотуудын үндэс суурийг тавьсан, Орос орныг загалмайлсан, Алтан ордны улсын хоёр зуун жилийн дарлал болон түүнийг даван туулсан, гадны түрэмгийлэгчидтэй тэмцсэн, Москваг европын нийгэм улс төрийн амьдралын нэг төв болгон хувиргасан, өөрийн өвөрмөц онцлогтой хүчирхэг улсыг байгуулсан зэрэг Орос орны амьдралын бүх талыг хамарсан чухал үйл явдлаар дүүрэн байсан юм.
Хэдэн зуун мультимедийн тавиур, үзмэрүүдийн тусламжтайгаар Орос орны түүхийн онцлог эдгээр үйл явдлуудыг киночлон үзүүлсэн нь өвөрмөц болжээ. Энэхүү үзэсгэлэнд эртний Орос орны түүхэн дэх Монголын эзэнт гүрний гүйцэтгэсэн үүргийг анх удаа нааштай харуулсан нь онцлог юм. Жишээ нь, “Ордынская Русь, 1276-1359 он” Алтан ордны улсын Орос орон, “Империя Чингизидов” Чингисийн удамынхны эзэнт гүрэн, “Побратимство с ордынским ханом Сартаком” Александр Невский Бат хааны хүү Сартагтай анд бололцсон нь гэх мэт нэртэй том зурагт самбаруудыг дэлгэн үзүүлжээ.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл болон ЭСЯ-ны ажилтнууд тус үзэсгэлэнг үзэж сонирхов.