Тэрбумтан Уоррен Баффетийн Berkshire Hathaway компани Procter & Gamble–ээс Duracell брэндийг худалдан авахаа мэдэгдсэн нь гэнэтийн мэдээ байлаа. Өнгөрсөн сард Procter & Gamble цэнэг хураагуурын бизнесээ тусгаарлахаар төлөвлөж байгаагаа зарлаад байсан юм.
Berkshire нь Procter & Gamble-д эзэмшдэг $4.7 тэрбумын хувьцаагаа тус компанид эргүүлэн худалдах замаар Duracell-ийг авахаар болсон нь хөрөнгө оруулагчдын таамаглаж байгаагүй алхам болсон байна. Энэхүү хэлцэл нь Berkshire Hathaway-ийн төлөх ёстой татварын хэмжээг ч бууруулж байгаа аж.
Үүнээс гадна хэлцлийн хүрээнд Procter & Gamble эхний ээлжинд $1.7 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ гэж BBC мэдээлэв.
Тэрбумтан Уоррен Баффетт "Duracell миний сэтгэлд үргэлж нийцсээр ирсэн. Хэрэглэгчийн хувьд, мөн урт хугацааны хөрөнгө оруулагчийн хувьд ч тэр. Duracell дээд зэрэглэлийн чанартай бүтээгдэхүүнтэй дэлхийн тэргүүлэгч брэнд. Berkshire Hathaway-д сайн зохицно" хэмээн ярьсан байна.
Duracell нь $2.2 тэрбумын борлуулалт хийгддэг зай хураагуурын зах зээлд тэргүүлэгч ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/