АН-ын удирдлагууд өнөөдөр 14:00 цагаас намын байрандаа мэдээлэл хийхээр зарлалаа. Хэвлэлийн хуралд өчигдөр Ардчилсан намын даргаар сонгогдсон З.Энхболд, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар болон бусад гишүүд оролцож, өчигдөр болсон ҮЗХ-ны хурлаас гаргасан шийдвэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх юм байна.
Өчигдөр АН-ын ҮЗХ-ны хурал болж, санал хураалтад оролцсон 168 гишүүний 147-гийнх нь буюу 87 хувийн саналаар УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан намын даргаар сонгогдож, Н.Алтанхуягаас намын тамга, тэмдгийг гардаж авсан.
Түүнчлэн Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, ҮЗХ-ны хуралдаанд энэ асуудлыг оруулж, хэлэлцсэн юм. Ингээд ҮЗХ-ны хурлаар хоёр нэр дэвшигчийг хэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх вэ гэдгээр нууц санал хураалт явуулахад 53.6 хувийн саналаар Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад дэмжигдсэн билээ.