logo
Ц.Элбэгдорж: Монголыг өөрчилье гэвэл өөрөөсөө эхэл

Ц.Элбэгдорж: Монголыг өөрчилье гэвэл өөрөөсөө эхэл

2014/11/15

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөө орой 21.30-23.10 цагийн хооронд UBS телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот хөтөлбөрт оролцож буй залуустай уулзан тэдний сонирхсон асуултад хариулт өгөв.

Бүтэн 100 минут үргэлжилсэн уг нэвтрүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж залуустай хэрхэн улстөрч болох, улстөрч хүний баримталж явах зарчмууд, ардчиллын мөн чанар, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, шинэ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд ямаөр шаардлага тавих, авлигатай хэрхэн тэмцэх зэрэг олон сэдвээр ярилцлаа.

Тэрээр залуусын асуултад хариулахдаа “Та бүхэн улс төрд шинэ соёл авчрах ёстой. Өнөөдөр Монголд тулгамдаж байгаа асуудал улс төр болоод байна. Ийм тохиолдолд шинэ үе яаж шинэ аргаар явах вэ гэдэг чухал. Улс төрд тийм аргаар ор гэж заах ёсгүй. Заавал улс төрд манлайлах бус гэртээ сайн аав ээж, ах эгч байж манлайлагч байж болно. Ажил дээрээ манлайлагч байж болно.

Улстөрч хүн үг даадаг байх ёстой. Үг даахгүй бол уул даахгүй. Унагадаг улс төр хэрэггүй. Өнөөдрийн унагадаг улс төрийг хуулах хэрэггүй. Ажлаа бүр жижгээс эхлэх хэрэгтэй. Хүн шууд улстөрч, дарга болох боломжгүй. Улс төрд орох амаргүй. Наад зах нь хиртэй цамцтай явах эрхгүй. Улстөрч болохын тулд өөрөө үлгэрлэх ёстой. Монголыг өөрчилье гэвэл өөрөөсөө эхлэх ёстой. Монгол мөнгөгүйдээ биш, хариуцлагагүйдээ цааш явахгүй байна.

Ардчилал бол хийгээд дуусдаг ажил биш. Ардчилал үйл явц болохоос биш очоод зогсдог зогсоол биш” гэлээ. 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш