Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 4.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгөө давуулан биелүүлсэн тул 800 сая төгрөгөөр шагнуулсан зэрэг Нийслэл дүүргийн татварын хэлтсүүд орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсний 60 хувиар өөрсдийгөө шагнаж урамшуулж байгааг АТГ-аас тогтоосон. Энэ асуудал олон нийтэд ил болж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан юм. Тэгвэл Сангийн яамнаас Татварын Ерөнхий газарт тус гэрээний талаар чиглэл өгчээ. Үүнд орон нутгийн төсвөөс хууль зөрчин урамшууллын мөнгө авсан зохих албан тушаалтан, удирдлагуудад хариуцлага тооцож, олгосон урамшууллыг төсөвт буцаан төвлөрүүлэхээр заасан байна. Энэ асуудлаар УИХ-ын дарга З.Энхболд "Татварынхан олон тэрбумаар шагнуулсныг зогсоож, буцааж төлүүлэх шийдвэр гаргууллаа. Хавсаргасан бичгийг үзнэ үү" хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдээллээ. Харин цахим ертөнцөд хэрхэн буцааж төлсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэхийг олон нийтэд шаардсан байна.