logo
Гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөрийг танилцууллаа

Гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөрийг танилцууллаа

2014/11/18
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр”-ийг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцүүллээ.  Хөтөлбөрийг Хотын Ерөнхий менежер Б.Бадрал танилцуулсан.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц,гэр хорооллын гэрэлтүүлгийн 24492 шон, 35372ш гэрэлтүүлэгч, 722ш  удирдлагын самбар, 803913м СИП кабель, 294588м АВВБ маркийн кабелийн засвар үйлчилгээг хариуцан Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай 13 аж ахуйн нэгж “Хамтран ажиллах” гэрээ байгуулан ажиллаж байна.

Бүх гэрэлтүүлэгчийн 49% нь гэр хороололд, 38% нь нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд, 13% нь орон сууцны хороолол дунд суурилагдсан байдаг. Үүнээс 56% нь ДНАТ төрлийн,  44% нь ЛЕД төрлийн  гэрэлтүүлэгч байна.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн 80%, орон сууцны хорооллын 90%, гэр хорооллын 60% нь гэрэлтүүлэгтэй байгаа. Тэдгээрийн цахилгаан эрчим хүчний төлбөрт 1.2 тэрбум орчим төгрөг, ашиглалт засвар үйлчилгээний зардалд 3.7 тэрбум орчим төгрөгийг жилд зарцуулж байна.

Цаашид нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтын түвшинг сайжруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, гэрэлтүүлгийн сүлжээг шинээр бий болгох замаар иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор  “Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр”-ийг танилцуулж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэрэлтүүлгийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх, шинэчлэн солих ажлуудыг ээлжит хугацаанд нь гүйцэтгэх,  операторт тавигдах үүрэг хариуцлагыг өндөржүүлж менежментийг сайжруулах, хяналтын тогтолцоог шинэчлэх юм.

Хөтөлбөр хэрэгжсэнээр гэрэлтүүлгийн чанар тоон үзүүлэлтүүд нэмэгдэж дэлхийн хөгжингүй хотуудын жишигт хүрсэн гэрэлтүүлэгтэй болно.Нэгж гэрэлтүүлэгчийн ашиглалт засвар үйлчилгээний зардал буурна.Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн асалт 100%-д хүрч, иргэд аюулгүй таатай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ хэмээн танилцуулсан. Удирдлагын зөвлөлийн гишүүд хөтөлбөрийг хэлэлцэн хэрэгжүүлэхийг дэмжлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш