logo
Ёс зүйгүй үйлдлийн талаар мэдээлэл хийв

Ёс зүйгүй үйлдлийн талаар мэдээлэл хийв

2014/11/19
Хууль тогтоох дээд байгууллагын нэрийг ашиглаж мэдээ мэдээлэл тараах, санал асуулга явуулах зэрэг ёс зүйгүй үйлдлүүд гарч байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрээр, Монгол Улсын Их Хурал түүний Тамгын газраас эрхлэн Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас www.parliament.mn болон мэдээлэл, сурталчилгааны http://open.parliament.mn цахим хуудсуудаар хууль тогтоох үйл ажиллагаатай холбогдолтой албан ёсны бүхий л мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэдэг. Сүүлийн жилүүдэд иргэд, олон нийтийн зүгээс сошиал медиа буюу мэдээллийг интернэтээр олон нийтэд түгээх хэрэгсэлийг идэвхитэй ашиглах болсонтой холбоотойгоор хуурамч нэр ашиглан иргэдэд андуу, ташаа мэдээлэл хүргэх сөрөг үйлдлүүд ихээр гарах болсон.

Саяхан “Монгол Улсын Их Хурал, political organization” нэрийн дор фэйсбүүк хуудас ашиглан “Та Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Сайханбилэгийг дэмжиж байна уу?“ гэсэн санал асуулга явуулж 300 гаруй хэрэглэгчийг хамруулсан тохиолдол гарлаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын зүгээс 28 дахь Ерөнхий сайдтай холбоотой ямар нэгэн санал асуулга явуулаагүй бөгөөд хуурамч нэр ашиглан санал асуулга явуулж буй энэхүү үйлдэл нь ёс зүйгүй үйлдэл болохыг онцлон дурьдав. Иймд иргэд, олон нийт дээрх байдлыг анхаарч хуурамч мэдээлэлд хөтлөгдөлгүй, Улсын Их Хурлын албан ёсны мэдээ, мэдээллийг доорх хаягуудаас авч байхыг мэдэгдэж байна гэв. Үүнд:

Facebook олон нийтийн сүлжээний хувьд ParliamentMN нэршлээр, Twitter, Google plus, YouTube, Flikr болон Instagram-ийн хувьд “Монгол Улсын Их Хурал” нэршлээр тус тус нэвтэрч албан ёсны мэдээ, мэдээллийг авах боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш