Өнөө үеийн Монголын сэтгүүлзүйн гол төлөөлөгчдийн нэг, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, бидний хүндэтгэн хайрладаг эрхэм ах Жамбалын Гангаа хүнд өвчний учир хорвоог орхилоо.
Ж.Гангааг монголчууд “Хорь буриадын нутаг дүүрэн цагаан гунигтай”, Цаст Түвдийн орны цуврал тэмдэглэлүүд, “Алтайн цаад говиор” зэрэг олон арван аян замын тэмдэглэлээр нь мэддэг, ясны сэтгүүлчийн үнэр шингээсэн нийтлэлийн мөрүүдийг нь алгасахгүй уншдаг, хүндэлдэг байсан билээ. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд түүний мэргэжилдээ үнэнч, тууштай, мэргэжлийн ёс зүйгээ ямагт сахин ажилладаг шулуун шударга зангаар бахархдаг, хүндлэн хайрладаг байлаа.
Монгол улсын төрийн дээд шагналууд болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медальт, МСЭ-ийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Ган үзэгтэн”, “2013 оны Монгол улсын шилдэг сэтгүүлч” шагналт, сэтгүүлзүйн “Балдорж” сангийн Гранпри шагналт, “Өдрийн сонин”-ы олон олон оны шилдэг бичлэгийн шагналын эзэн, нэрт нийтлэлч, сэтгүүлзүйн салбарын нэрт төлөөлөгч Жамбалын Гангаагийн гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин дурсагдах болно.
Түүний сэтгүүлзүйд оруулсан үйлс бүтээл нь үе үеийн сэтгүүлчдийн суралцан хөгжих сүүн зам болж, хэвлэл мэдээллийн салбарынхны ирээдүй үеийг гэрэлтүүлэн гийгүүлж байх болтугай. Ум сайн амгалан болтугай!
Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье!
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО