УИХ-ын дарга, З.Энхболд өнгөрсөн долоо хоногт болсон намын ҮЗХ-ны хурлаар Ардчилсан намын дарга болсон. Намын дарга болсон даруйдаа түүний хийсэн анхны ажил нь Засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлсэн Ч.Сайханбилэгийг дэмжих талаар УИХ-д суудалтай бусад нам, эвслүүдтэй хамтарч ажиллах урилга хүргүүлэх ажил байжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн даваа гарагт Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоход дэмжээрэй гэсэн албан тоотыг Монгол Ардын нам, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл, Иргэний зориг Ногоон намд явуулсан байна.
Үүний хариуд Иргэний зориг Ногоон нам Ч.Сайханбилэгийг дэмжих хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн бол МАН өнөөдөр Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэсэн хариуг өгсөн юм. Харин “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлэг одоогоор албан ёсны хариугаа өгөөгүй байгаа ажээ.
Намын дарга З.Энхболд ийнхүү бусад нам, эвслүүдэд албан тоот явуулсан нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 33.2-т заасны дагуу буюу “Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах” гэсэн заалтыг үндэслэсэн хэрэг ажээ.