logo
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2014/11/20

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсоныг өнөөдөр / 2014.11.19 / хүлээн авч уулзав.

Байнгын хорооны дарга А.Бакей уулзалтын эхэнд суурин төлөөлөгч Жим Андерсоныг Монгол Улсад дахин ажиллах болсонд талархал илэрхийлж, баяр хүргэлээ. Мөн тэрээр Монгол Улсын шилжилтийн үед манай улсад ажиллаж байсан туршлагатай хүн дахин ирж ажиллаж байгаа учраас хүндрэл гарахгүй байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн.

Жим Андерсон байнгын хорооны дарга А.Бакейг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжихэд бэлэн болсон төслүүдийн талаар танилцууллаа. Үүнд “Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийн гуравдугаар үе шат”, “Цахим эрүүл мэнд” , “Ухаалаг засаг”, “Боловсролын чанарын шинэчлэл” гэсэн төслүүд багтах юм.

Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийн өмнөх үе шатны хувьд төслийн үр өгөөжийг хүртэгсэд нь Монгол Улсын хөдөөгийн бүх иргэд байх бөгөөд төслийн энэ үе шатанд орон нутгийн засаглал улам боловсронгуй болж, Орон нутгийн хөгжлийн сан болон Сум төслийн хэрэгжилтээс үр ашгийг нь хүртэх юм байна. “Цахим эрүүл мэнд” төслийн хувьд эрүүл мэндийн мэдээллийн системийн хэрэглээ, нэгдмэл байдлыг сайжруулах, сонгогдсон газар нутагт эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх цахим шийдлүүдийг бий болгох юм. “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь унших, математикийн хичээлийн сурлагын үр нөлөөг дээшлүүлэх, сургуулийн түвшин дэх төлөвлөлтийг сайжруулснаар Монгол Улсын бага сургуулийн хүүхдүүдэд олгож буй боловсролын чанарыг сайжруулахад оршиж байгаа юм. “Ухаалаг засаг” төслийн хувьд Монгол Улсын Ухаалаг засаг санаачлагыг дэмжих, Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал болон үр ашгийг сайжруулах юм.

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн зүгээс холбогдох байнгын хороодоор эдгээр төслүүдийг соёрхон батлах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг байнгын хорооны дарга А.Бакейгаас хүссэн юм.
Байнгын хорооны дарга А.Бакей энэ асуудлыг анхааралдаа авч, баталгаажуулах ажлыг яаравчлуулна гэдгээ илэрхийлсэн хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш