Өнгөрөгч зургаадугаар сард Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм.
Уг хуулийн төслийг цаашид чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг шийдэхээр өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Өнөөдөр үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээл нь нийт агуулгын эзлэх хувьдаа хүрэхгүй байна гэдгийг хууль санаачлагч онцолсон юм. Тиймээс телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулагдаж буй уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харилцааг бий болгох, хэрэглэгчийг үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээлээр хангах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан аж. Тодруулбал, хуулийн төсөлд эфирт гарах үндэсний нэвтрүүлэг киноны эзлэх хувийг 50 хувийн квотоор тогтоохоор тусгасан байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар үндэсний соёлыг хамгаалах хэрэгцээ өсч,уран бүтээлчдийн эрэлт сайжирч,ажлын байр нэмэгдэхээс гадна үндэсний уран бүтээлийг бодитойгоор урт хугацаанд дэмжих шаардлага нэмэгдэнэ хэмээн үзжээ.
Монгол контент хөтөлбөр ирэх оны төсөвт таван тэрбум төгрөгийн төсөвтэй батлагдсан бөгөөд уг таван тэрбум төгрөгний хоёр тэрбумыг нь телевизүүдэд зарцуулах аж.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд сүүлийн жилүүдэд манай улс гадны соёлын довтолгоо, нөлөөнд эрчимтэй өртөж байна гээд ялангуяа Солонгосын гэр бүлийн муу үлгэр дуурайл үзүүлсэн сериал кинонууд гарч байгаад хязгаарлалт хийх нь зөв юм гэсэн байр суурьтай байсан юм. Мөн С.Эрдэнэ гишүүн өөрсдийн уламжлалт өв соёлоо авч үлдэхийн тулд уг хуулийн төслийг өргөн хүрээнд хэлэлцүүлж, нийгмийн анхаарлын төвд оруулах нь зайлшгүй шаардлагатай байна гэсэн юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж саналаа хэлж дууссаны дараа санал хураахад гишүүдийн олонхи нь Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай буюу эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Ингэснээр уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болж байгаа юм.