УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-ын хамгийн олон суудал авсан Ардчилсан нам УИХ-д суудалтай бусад нам, эвсэлтэй зөвшилцөн УИХ-ын гишүүн Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайдаар Чимэдийн Сайханбилэгийг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүн 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Нэр дэвшигч Чимэдийн Сайханбилэг 1969 онд төрсөн. Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш, Монгол Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр, АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.
Тэрээр 1991 онд Монголын Залуучуудын Холбооноос ажлын гараагаа эхэлж, улмаар тус холбооны Нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд, 2002-2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал, 2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж байв.
Ч.Сайханбилэг нь Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 3 дахь удаа сонгогдож, Засгийн газрын гишүүн, сайдаар 2 удаа томилогдож ажилласан төрийн ажлын арвин туршлагатай, багаар ажиллах, ачаа даах чадвартай, төрийн мэргэшсэн шилдэг залуу боловсон хүчин гэж үзэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар санал болгосныг танилцуулав.
Ч.Сайханбилэг нь 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан юм. Тэрээр төрийн албанд нийтдээ 18 жил, улс төрийн албан тушаалд 10 жил ажиллажээ.