Засгийн газрын 2014 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны аравдугаар сарын 13-15-нд Бүгд Найрамдах Австри улсад хийсэн албан ёсны айлчлал, мөн сарын 17-19-ний өдрүүдэд Унгар улсад хийсэн ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 16, 17-нд Бүгд Найрамдах Итали улсын Милан хотноо болсон Ази-Европын уулзалтын Дээд түвшний аравдугаар уулзалтад оролцсон дүнг хэлэлцлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дээд түвшний уулзалтын нээлтийн ажиллагаа, Олон улсын асуудлаарх Ази-Европын хамтын ажиллагаа сэдвээр өрнөсөн нэгдсэн хуралдаанд үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн байна. Энэ нь Ази, Европын хамтын ажиллагааг өрнүүлэх яриа хэлэлцээний гол механизм болох АСЕМ-ын үйл ажиллагаанд ач холбогдол өгч, бүс хоорондын тогтолцоонд байр сууриа бэхжүүлэх, АСЕМ-ын гишүүн орнуудтай улс төр, эдийн засаг, санхүүгийн салбарт нягт хамтран ажиллахад чухал үйл явдал болсон гэж үзэж байна.