Монголын Хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол боллоо.
Ёслолын үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр нарын албаны зочдоос гадна МУГЖ н.Жанчивдорж, Шинжлэх ухааны гавьяат ажилтан О.Гэрлээ, Мэргэжлийн боксын дэлхийн 3 удаагийн аварга МУГТ Ч.Цэвээнпүрэв, гавьяат багш, доктор н.Доржпагма, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Г.Батчулуун нар оролцож 16 нас хүрч буй залууст иргэний үнэмлэх батламжийг нь гардууллаа.
Иргэний үнэмлэхээ гардсан залуучууд:
“Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй, тусгаар тогтносон Монгол Улсын эрхчөлөөт иргэн-Би
Мөнх хөх тэнгэрийн дор, мөнхөд дэгжих эх орныхоо төлөө
Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн,
Өвөг дээдсийн өндөр цадигтай,
Өнөд мандах Монголынхоо төлөө
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм
Хөгжил дүүрэн шударга амьдралын төлөө
Эрдэм боловсролтой, энэрэнгүй журамт иргэн байж
Дэлхийн энгээр, Монгол нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа
Ард түмэндээ андгайлж байна” хэмээн уншлаа.
Мөн Улсын тэргүүний 58 дугаар сургуулийн авьяаслаг сурагчид Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын энэ өдөр иргэний үнэмлэхээ гардсан найзууддаа урлагийн тоглолтоор бэлэг барилаа.