Монгол хүний эрхэм анд нохой цагдаагийн алба хаагч болсны 70-н жилийн ой энэ жил тохиож байна. Монголын цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах ажилд албаны сургуультай нохойг анх 1944 оноос ашиглаж, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж эхлэснээс хойш ийнхүү 70-н жил өнгөрчээ.
Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхлэсэнтэй холбогдуулан бүтцийн өөрчлөлтөөр ЦЕГ-ын даргын 2014 оны хоёрдугаар сарын 07-ний өдрийн 59 тоот тушаалаар ЦЕГ-ын ДҮГ-ын СДТ-ийн Албаны нохой, морь сургалтын хэсэг болгон өөрчлөгдөж, цагдаагийн хошууч Ц.Болдбаатар даргаар нь томилогдон ажиллаж байна.
Тус албаныхан өнгөрсөн долоо хоногт 70-н жилийн ойлгоо тэмдэглэж, ХЗЯ, ЦЕГ-ын удирдлагууд, үе үеийн ахмадууд, алба хаагч нар оролцож баяр хүргэлээ. Энэ үеэр албаны нохой, морь сургалтын байрны нээлтийн ёслол, урлаг соёлын үйл ажиллагаа, фото зургийн үзэсгэлэн, албаны нохойн үзүүлэх тоглолт, баярын хурал болсон юм.