Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2014.11.25/ хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав. Тэтгэврийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг 16-19 насны 500 орчим хүүхэд байдаг байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгчийн асрамжинд байсан 0-16 хүртэлх насны хүүхэд болон сургуульд суралцаж байгаа бол 19 нас хүртэлх насны хүүхэд авах эрхтэй боловч хүүхэд бүтэн өнчин болсон тохиолдолд нас барсан нэг даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос тэжээгчээ алдсаны тэтгэврийг тооцон олгож байгаагаас тухайн хүүхдийн тэтгэврийг бодитой тогтоохгүй байгаа аж. Иймд эцэг, эхийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг нэгтгэсэн дүнгээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг бодож тогтоох шаардлагатай байгаа талаар хуулийн төслийн танилцуулгад дурдлаа. Мөн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахдаа эмнэлгийн хуудас авснаас хойш хүндэтгэх шалтгаантай бол зургаан долоо хоногийн дотор өргөдөл гаргах, хуульд заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгөхөөр байдаг боловч зарим тохиолдолд амаржсан эх гэр бүлийн болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хуулийн хугацаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өгөх боломжгүй байдаг тул дээрх хугацааг 6 сарын дотор болгон өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Харин намын бүлгийн хуралдаанаар цаатан иргэдтэй холбоотой асуудлыг дахин ярилцаж, нухацтай, нарийвчлан боловсруулах шаардлагатай хэмээн үзсэн тул уг асуудлыг хойшлуулахаар болсон гэв.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын болон иргэдээс ирүүлж байгаа санал хүсэлтэй уялдуулан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Тухайлбал хуулийн төсөлд тусгаснаар, даатгуулагч “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлд зааснаар ажилгүйдлийн тэтгэмжийг өөрийн хүсэлтээр сард 1-2 удаа авах сонголт хийх боломж бүрдэх аж. Мөн “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль”-ийн 2 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан зарим ажил олгогч /ялангуяа уул уурхайн компани/ сул зогсолтын үед тэтгэмж олгохгүйгээр ажилтнуудаа ажлаас халж, тодорхой хугацааны дараа буцаан ажилд авах явдал их гарч байгаа бөгөөд энэ асуудлыг хязгаарлах зорилгоор ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 12 сар төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүсэхээр өөрчилсөн байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар гарахгүйн зэрэгцээ нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авагчдын нийгмийн баталгааг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэж хуулийн төсөл санаачлагч үзэж байна.
Түүнчлэн “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлд “Тэтгэвэр тогтоолгон авч байгаа боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас 1.5 хувиар тооцож, одоо авч буй тэтгэвэрт нь нэмж олгох тухай заалтыг нэмж тусгажээ. 2013 оны эцсийн байдлаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 5,8 орчим мянган тэтгэвэр авагч тахир дутуугийн тэтгэвэр авсан байна. Эдгээр тэтгэвэр авагчдын зарим нь ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэлийг үргэлжлүүлэн төлдөг ч төлсөн шимтгэлтэй нь уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох зохицуулалт одоогийн мөрдөж буй хуульд байхгүйгээс тэтгэвэр авагчдын зүгээс санал гомдол ихээр гарч байгаа ажээ. Гишүүдийн зүгээс хуулийн төслүүдтэй холбогдуулан төсөл санаачлагчаас асуулт асууж хариулт авсан. Ингэснээр хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг 91,7 хувийн саналаар дэмжив.
Үүний дараа Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 15 гишүүн 2014.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, даатгуулагч шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болох тухай/-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 91,7 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн.
Нийгмийн даатгалд хамрагдах, хөдөлмөрийн нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох эрхээ хэрэгжүүлэхэд нь иргэдэд тулгарч буй саад бэрхшээлийг хууль эрх зүйн хувьд шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр заасныг үндэслэн хуулийн төслийг боловсруулсан байна.
Энэхүү хуулийн төсөл нь нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч иргэний шимтгэл төлөх хугацаа, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагчийг тодорхойлохтой холбогдсон харилцааг хамаарах бөгөөд 1 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сайн дураар даатгуулагч төлбөр зохих шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болохоор нэмэлт оруулах, 2 дугаар зүйлд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг мэргэжлийн хяналтын байгууллага болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 22.1.9-д заасан байгууллагын дүгнэлт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны санал, зөвлөмжийг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар өөрчлөлт оруулахаар тус тус тусгажээ.
Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл нар нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдагсдын ажил, мэргэжлийг тодорхой зааж өгч хуульчлах нь зөв гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч, лангуу түрээслэгч, зах дээр хөдөлмөр эрхлэгч зэрэг тогтмол орлогогүй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг малчдынхтай адилтгаад явах боломжтой гэлээ.
Ингээд цаашид хуулийн төслүүдийг нэгтгэн багцалж Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэдэгт гишүүд санал нэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.