logo
Нийслэл хар тамхины эсрэг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана

Нийслэл хар тамхины эсрэг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана

2014/11/26
Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба болон Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд бидний оролцоо” зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Зөвлөлгөөнд нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хууль сахиулах байгууллагын удирдах ажилтан, холбогдох мэргэжилтэн болон албан хаагчид оролцлоо.

Зөвлөлгөөнөөр мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар ойлголт  мэдлэг, туршлага хуваалцах, урьдчилан сэргийлэх, хар тамхи мансууралтай тэмцэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ ач холбогдлыг таниулах зорилгоор Нийслэлийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, хууль сахиулах байгууллагуудын төлөөлөгч  нар илтгэл тавьж санал солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах арга замыг тодорхойлох талаар хэлэлцлээ.

Иргэд хууль бусаар хар тамхи зөөвөрлөж гэмт хэргийн золиос болох нь ихсэж байна. Одоогийн байдлаар 37 монгол иргэн гадаадад хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт холбогдон хоригдож байгаа аж. Монгол улсын нутаг дэвсгэрт 1000 га газар буюу 14 аймагт мансууруулах бодис оролцсон ургамал ургадаг бөгөөд олон улсын түвшинд байдаг мансууруулах бодисыг монголд оруулж ирж, хэрэглэдэг хүний тоо ихссэн үзүүлэлт гарчээ. Ийнхүү зөвлөлгөөнд оролцогчид хар тамхи болон мансууруулах бодист тавих хяналтаа сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллагууд уялдаа холбоотой хамтран ажиллах нь нэн чухал гэж үзлээ. Мөн Үндэсний хороог яаралтай байгуулж, Нэгдсэн мэдээллийн сантай болж иргэдэд үнэн зөв мэдээлэл байнга өгч байх нь чухал гэдгийг онцолж, хар тамхины хууль бус үйл ажиллагаатай тэмцэх зөвлөмж  гаргахаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш