Сүхбаатар дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд урлагийн их наадмыг өнгөрсөн жилээс эхлэн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байна. Энэхүү наадам нь сурагч, хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх, дэмжин урамшуулах, багш, эцэг эхийн оролцоог сайжруулж, тэдний авьяас билгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Энэ удаагийн наадамд дүүргийн дөчин таван сургууль, цэцэрлэг оролцож байгаа бөгөөд 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 1, 2, 3-ны өдрүүдэд шалгаруулалт явагдаж шилдгүүдээ тодруулах юм. Шилдгээр тодорсон авьяастнуудын гала тоглолт 12 дугаар сарын 5-ны өдөр Соёлын төв өргөөнд болно.
Өнөөдөр 45, 58, Ажилчин залуучуудын ээлжийн сургууль, 2, 31, Найрамдал сургууль, 16, 71, 35, 116 дугаар сургуулиуд, 16, 36 дугаар цэцэрлэгүүдийн тоглолт Монголын Хүүхдийн ордонд болж байна.
Дашрамд сонирхуулахад урлагийн их наадмын шүүгчээр хөгжмийн зохиолч, МУ-ын төрийн шагналт Б.Мөнхболд, бүжгийн багш МУГЖ Г.Цэрэннадмид, хөгжмийн зохиолч МУСТА Д.Пүрэвсүрэн, хөгжмийн багш, МУСТА Ж.Оюун, Хөгжмийн зохиолч, ХБК-ийн багш Х.Мөнх-Ертөнц нар ажиллаж байна.