Нийслэлийн Онцгой байдлын газарт хоногт ирж байгаа гал түймрийн дуудлага нь гэр хорооллын айл өрхийн байшингийн дээвэр, гэр, хогийн цэг, орцны хогийн сувагт хог шатсан тухай дуудлага зонхилж байна. Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн 16 дуудлага ирснээс 9 дуудлага нь иргэдийн байшин шатсан байна. Цаг агаар хүйтэрч иргэд, аж ахуй нэгж, байгууллагын галлагаа нэмэгдсэнтэй холбогдуулан зуухны хамрааралтай гал түймрийн тоо өсөх хандлагатай байна. Иймд иргэд гэр орон сууцандаа галлагаа хийхдээ түлшийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гэмтэлтэй пийшин зуухыг ашиглахгүй байх, яндангаа гал үл шатах материалаар дулаалж, тамхи, шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтраах, галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байхыг анхааруулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.