Сэтгүүлзүйн салбар сүүлийн үед Хэвлэлийн зөвлөлийн асуудлаар амьсгалж байна гэж хэлж болно. Энэ тухай болон бусад асуудлаар Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа.
-Медиа консул клуб байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Өнөө маргаашгүй нэгдсэн хурлаа хийж Хэвлэлийн зөвлөл байгуулна гэж байна. Монголын Сэтгүүлчдийн Эвлэл энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Манайх дэмжиж байгаа. Санаачлагчдын бүлэгтэй хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн.
Тэднийг манай салбарын гол гол ТББ-уудын удирдлагуудтай уулзаж ойлголтын зөрүүгээ арилгах, хэл амаа ололцоход нь ч боломжоороо оролцож байгаа.
Сэтгүүлзүйн салбарт өөрийн зохицуулалтын тогтолцоо бий болохыг хоёр гараа өргөн дэмжинэ.
СЭТГҮҮЛЗҮЙД ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ. ТЭГВЭЛ НИЙТЭЭРЭЭ ХОЖНО.
-МСЭ муу ажиллаж байгаа учраас бид үүнийг хийж байна гэж тухайн үедээ клуб санаачлагчдын нэг бичиж байсныг санаж байна. Танайх яагаад чадаагүй юм бэ, эсвэл хүсээгүй юм уу. Дэмжигч гэхээр нэг л хүйтэн хөндий санагдаад байна. Дэмжигч биш, харин санаачлагч, оройлогч нь байх ёстой юм биш үү?
-Өөрийн зохицуулалтын байгууллага эн тэргүүнд хараат бус байх ёстой. Сайн дурын үүсгэл санаачлагаар байгуулж, дагаж мөрдөх ёсзүйн дүрэм, Зөвлөлийн ажиллах журмыг олонхоороо зөвшилцөн батлах нь ажил цаашид урагштай явахын баталгаа.
Хэвлэлийн зөвлөл бол нэг талдаа ёсзүйн манаач, нөгөө талдаа сэтгүүлчийн алдаатай холбоотой гомдол маргааныг аль болох шүүхэд хүргэлгүйгээр зохицуулахыг хичээгч хамгаалалтын механизм. Тийм учраас хараат бус байгаасай, анхнаасаа хэлбэрээ зөв олоосой гэсэндээ манай нөхцөлд Хэвлэлийн зөвлөл ямар байвал зохистой талаарх саналаа МСЭ олон удаа илэрхийлсэн.
МСЭ зохион байгуулж болдог ажил гэж бий. Болдоггүй нь бас бий. Өөрийн зохицуулалтын асуудал, хөдөлмөрийн харилцааны асуудал гээд дээрээс нь зохион байгуулж болдоггүй, МСЭ-ийн эрх үүрэг зөвхөн зөвлөх, санал нэмэрлэх төдийгөөр хязгаарлагддаг юм бас байна аа.
МСЭ муу ажилласан гэдэгтэй санал нийлэхгүй. МСЭ муу ажиллаж байна гэж нийгэмд харуулахыг хүсч байгаа бол өнгөрсөн хугацаанд бидний хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэх хэрэгтэй болно. Тийм жудаггүй юм болохгүй байлгүй дээ.
-Хэвлэлийн зөвлөл ямар байх ёстой, яаж ажиллах ёстой гэж үзэж байгаа вэ?
-Нэгдүгээрт, хараат бус байх ёстойг дахин хэлье. Хоёрдугаарт, үүсгэн байгуулахдаа салбарын бүх талын төлөөллийг аль болох сайн хангах. Олонхийн оролцоотойгоор байгуулаагүй Зөвлөлийн шийдвэрийг олонх хүлээн зөвшөөрөх үү, дагаж мөрдөх үү.
Та нар өөрсдийн боловсруулж баталсан ёсзүйн дүрмийг чинь хүлээн зөвшөөрсөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ёсзүйн асуудлыг л хэлэлцээрэй, хүрээний гадна байгаа хэсгийн ёсзүйн асуудалд үнэлэлт дүгнэлт өгнө гэвэл салбараа талцуулах аюул бий шүү гэдгийг бид санаачлагчдын бүлгийнхэнд олон удаа анхааруулсан.
Хүрээний гадна байгаа хэсэгт ч бас эвлэлдэн нэгдэх эрх нь бий. Тэр амбийцыг нь битгий хөндөөрэй. Монголчуудын талцах дуртай зан энд хэрэггүй.
Салбарын эрх ашгийн төлөө аль болох эвлэлдэн нэгдэж, үндэсний хэмжээнд нэг л өөрийн зохицуулалтын байгууллагатай болоосой, тэр нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн жинхэнэ хараат бус бүтэц байгаасай гэж л хүсч байгаа.
-МСЭ-ийн ёсзүйн дүрэм хэт ерөнхий, хуулиар зохицуулж буй зүйл заалт орчихсон тунхаг төдий байна. Тиймээс хэрэглэж болохуйц энгийн бөгөөд ойлгомжтой болгох зорилгоор бид ажилласан гэж санаачлагчдын бүлгийн гишүүн Э.Лхагва Ньюс.мн сайтад ярилцлага өгсөн байна лээ. Үүнтэй санал нийлэх үү?
-Санал нийлэхгүй. 2011 онд Монголын сэтгүүлчдийн XV их хурлаар баталсан Ёс зүйн дүрэм л дээ. Олон улсын жишигт нийцсэн маш сайн дүрэм гэдгийг л хэлье.
Хэвлэлийн зөвлөлийг санаачлагчдад зөвлөгөө өгөхөөр тусгайлан уригдсан герман зөвлөх нь ч бас тэгж үнэлж байхыг би хоёр чихээрээ сонссон. Асуудал дүрмийн боловсруулалтад биш, хэрэгжих механизмдаа байгаа юм. Тийм ч учраас хараат бус хэвлэлийн зөвлөлийн төлөө байр суурин дээрээ МСЭ хатуу зогсож байгаа.
-Сэтгүүлчдийн ёсзүйн асуудал гэдэг бидний зөв оршихуйн хил хязгаар гэж би ойлгодог. Энэ хил хязгаарыг хэн тогтоовол дархлаа сайтай байх талаар та өмнө нь бас хэлж ярьж байсан санагдах юм...
-Би өөрөө өөрөөсөө будаа идчих үү. Энэ оны эхээр танай сонинд өгч байсан ярилцлага энэ байна. Тэр ярилцлагадаа би “Бид олон юмаа золиослон байж, бас урьд өмнө нь огт таарч тулгарч байгаагүй олон асуудлыг даван байж шилжилтийн үеийг гэтэлсэн. Одоо хөгжлийн тухай, зөв замаар хөгжих тухай ярих цаг болсон.
Хэн нь ямар замаар явж ирсэн тухай ярих сонин биш. Харин хэрхэн цаашаа хөгжих тухай яриа л чухал. Энэ салбарт ихээхэн хэмжээний капитал нэгэнт хуримтлагдлаа.
Энэ салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийчихсэн, хэзээ ч энэ салбарыг орхиод явахгүй нь тодорхой хэсэг бий болсон. Тэгэхээр сэтгүүлзүйн өнгийг тодорхойлж чадаж байгаа, энэ салбарын манлайлагч нь болсон гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн, тэдний хөрөнгө оруулагчид, менежерүүд, ажиллагсад маань зөвшилцөж байгаад нийтээрээ дагаж мөрдөх алтан дүрмийг тодорхойлж, бусдыгаа үлгэрлэмээр байна. Зөв замаар явмаар байна.
Алтан дүрмээ дагаж мөрдөж чадаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг төр нь бодлогоор дэмждэг, бүтээгчид нь ч санхүүгээр дэмждэг, мэргэжлийн байгууллагууд нь ч бүх талаар хөхиүлэн дэмждэг болчихвол буруу чиг хандлагыг амархан залруулж болно. Буруу үйлдэл муухай харагддаг болно.
Түүнээс биш тийм байх ёстой гэж дээрээс зааж зааварлаад үр дүнд хүрэхгүй” гэж хэлсэн байгаа. Одоо Хэвлэлийн зөвлөл тойрсон асуудал яг л миний хэлж байснаар өрнөж байна.
Сэтгүүлч хүний хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, нийгмийн асуудлаа шийдүүлэх, боловсорч хөгжих асуудлаа шийдэх нь редакцийн хүрээний, тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гал тогооны асуудал.
-Та түрүүнд хөдөлмөрийн харилцааны асуудлыг дээрээс зохион байгуулж болдоггүй гэлээ. Энэ талаараа тодруулаач?
-Үйлдвэрчний эвлэлийн тухай асуудал л даа. МСЭ бол ТББ. Гэтэл ТББ-уудын орж болдоггүй ганц асуудал нь хөдөлмөрийн харилцааны асуудал. Эдийн засгийн хямралын үед бүр ч хурц асуудал болоод байна. Манай салбарт хүчтэй үйлдвэрчний эвлэл байхгүй учраас МСЭ дам утгаар үйлдвэрчний эвлэлийг орлохыг хичээдэг.
Мөн үйлдвэрчний эвлэл байгуул, эрх ашгаа хамгаал гэж салбарынхандаа хандан байнга зөвлөж, арга замыг нь хэлж өгдөг. Түүнээс цаашхыг сэтгүүлчид өөрсдөө хийх ёстой. Хууль нь ч тийм юм. Ер нь сэтгүүлч хүний хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, нийгмийн асуудлаа шийдүүлэх, боловсорч хөгжих асуудлаа хэрхэн шийдэх нь редакцийн хүрээний, тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гал тогооны асуудал.
Түүнийг хэн нэгэнд, ялангуяа МСЭ-д нялзаах нь утгагүй хэрэг. МСЭ байр өгдөггүй, МСЭ цалинг нь нэмэх шийдвэр гаргадаггүй. Сэтгүүлч хүн өөрөө өөрийнхөө төлөө хийх ёстой зүйл, зөвшилцөж ойлголцож, бүр болохгүй бол тэмцэж байж хамгаалдаг эрх ашиг бол сая миний хэлдэг хоёр гурван эрх ашиг юм.
СЭТГҮҮЛЗҮЙ АМРАГЛАЖ БОЛОХГҮЙ. ТЭГВЭЛ НИЙГЭМ ХОХИРНО
-Монгол HD телевизийн мэдээний албаны продюсер Э.Лхагва өмнө дурдсан ярилцлагадаа “Манай редакц ирэх жилээс эхлэн МСЭ-ийн гишүүнчлэлээс татгалзаж байгаа” гэж мэдэгдсэн байна лээ. Үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Аливаа эвсэл холбоодод нэгдэх эс нэгдэх нь чөлөөт сонголтын асуудал. Гэхдээ Монгол HD телевизээс албан ёсны мэдэгдэл ирээгүй болохоор үнэн эсэхийг нь мэдэхгүй байна. Татгалзаж байгаа үндэслэл нь харин ёсзүйтэй холбоотой асуудал байна лээ. “Тус эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид гуай “Хэвлэлүүд хаалтын гэрээ байгуулж Засгийн газраас мөнгө авч болно” гэж хэлсэнтэй манай редакци хэзээ ч эвлэрэхгүй. Ийм чиг хандлагатай байгууллагад гишүүн байхаас татгалзахаас аргагүй гэж үзсэн” гэсэн байна лээ.
Хүний хэлсэн ярьсныг гуйвуулах нь өөрөө ёсзүйн том алдаа гэдгийг Э.Лхагва гэдэг сэтгүүлч Хэвлэлийн зөвлөлийг санаачлагчдын нэгний хувьд сайн мэдэж байгаа байх. Тэдний телевизийн сэтгүүлч энэ асуудлаар надаас тодруулга авсан нь үнэн.
Гэхдээ би “Хэвлэлүүд хаалтын гэрээ байгуулаад Засгийн газраас мөнгө авч болно” гэж хэлээгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ажил үйлчилгээ гүйцэтгүүлэхдээ төр хөлсийг нь төлөх ёстой, төрийн нэрээр далайлгаж үнэгүй ашиглаж болохгүй гэсэн утгаар ярьснаа сайн санаж байна.
Одоо ч тийм л байр суурьтай байна. Түүнээс биш төр өөрийн бурууг хаацайлахын тулд мөнгө өг гээгүй. Би дээрх мэдэгдлийг Монгол HD телевизийн албан ёсны мэдэгдэл биш байх, хувь хүн өөрийгөө тодлох гэсэн тоглолт төдий зүйл гэж бодож байгаа. Шаардлага гарвал үнэн худлаа хуулийн дагуу тогтоолгох эрх минь байгаа.
Сэтгүүлзүй нэг л зүйлээс хараат байх ёстой. Тэр нь үнэн.
Хүний хэлсэн ярьсныг гуйвуулах нь өөрөө ёсзүйн том алдаа
-Таны бодлоор тэгээд хэвлэл мэдээллийнхэн Засгийн газартай яаж харилцах ёстой юм бэ?
- Ц.Дашдондов гуай “Засгийн газар хэвлэл хоёрын хооронд янаг амрагийн холбоо байх ёсгүй” гэсэн байх аа. Би ч бас тэгж боддог. Ер нь сэтгүүлзүй хэнтэй ч амраглаж болохгүй. Тэгвэл нийгмээрээ, нийтээрээ хохирдог.
Гэхдээ үүнээс болоод хамтран ажиллах, үйлчилгээ үзүүлэх, зөв зүйтэй сайн сайхан үйлийг түгээн дэлгэрүүлэх ажлыг үгүйсгэх ёсгүй. Засгийн газрын зөв сайн зүйл дээр нь хэвлэл дэмжигч түнш, буруу муу зүйл дээр нь шүүмжлэгч илчлэгч байх ёстой. Энэ хоёрт янаг амрагийн харилцаа ч зохихгүй, эзэн боолын харилцаа ч зохихгүй. Хоёр тийшээ хараад суучихвал хорыг нь нийгэм амсаж, горыг нь нийтээрээ хүртэнэ.
-Сэтгүүлзүйн өнөөгийн тулгамдсан асуудал гэвэл зөндөө л байгаа. Гэхдээ Монголын сэтгүүлзүйгээс нийгэм гол нь юуг хүсч хүлээж байгаа вэ. Бүх асуудал хаана, юун дээр очиж зангидагдах вэ?
-Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүндэтгэлийн хуралд оролцохдоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын ард түмэн хамгийн нандин зүйлээ өгсөн сэтгүүлзүйн салбараас би зөвхөн ёс зүйтэй, хариуцлагатай, хараат бус байхыг шаарддаг” гэж хэлснийг дахин сануулмаар, байн байн сануулмаар байна.
“Адгийн тэнэгт ч гэсэн эрхэм нандин юм гэж байдаг. Сэтгүүлчдийн хувьд тэр нь ёс зүй, мэргэжлийн нэр хүнд, хараат бус байдал” гэж нэг сайтад ярилцлага өгөхдөө хэлж байсан минь ч бас санаанд орчихлоо. Энэ бүхэн манай салбарын эрмэлзэх, эрхэмлэх зүйл.
Харин үүний тусгал нь, үр дүн нь нийгмийн хүлээлт захиалгатай нийцдэг. Үүн дээр л бүх асуудал очиж зангидагдана.
-Энэ жил чинь сэтгүүлчдийн их хурлын жил биз дээ?
-Тийм ээ. Бидний сонгуульт хугацаа энэ сарын дундуур дуусна. Гурван жил ажиллачихаж. Их хурлаа ирэх оны нэгдүгээр сарын сүүлийн арав хоногт хийхээр гүйцэтгэх хороо маань нэлээд эрт шийдсэн. Гэхдээ албан ёсоор зарлаагүй байсан. Энэ ярилцлагаар зарлачихъя.
-Уг нь энэ сард хийх ёстой байсан уу?
-Тийм ээ. Гэхдээ өмнөх их хурлаас сургамж аваад оны эхэнд хийхээр болсон. Оны сүүлээр болохоор олон баяр давхцана, салбарын шинэ жил, шилдгүүдээ шалгаруулах асуудал давхцана. Шинээр сонгогдсон удирдах бүрэлдэхүүн ажлаа барьж авахад хэцүү байдаг. Түүний оронд шинэ он гаргаад, санхүүгийн жилээ бүрэн дуусгаад хуралдах нь зүйтэй гэж үзсэн.
-Та МСЭ-ийн Ерөнхийлөгчид дахин нэрээ дэвшүүлэх үү?
-Үгүй, дэвшүүлэхгүй. Бусдад боломж олгоё гэж бодож байгаа. Сүүлийн үед чинь хурлаа хийж чадахгүй, хуучин дарга нь тамгаа аваад зугтдаг, байгууллагын бодлого залгамж чанараа алддаг нэг муухай үзэгдэл нийгэмд нүүрлээд байна шүү дээ. Үүнийг сөрж, зөв соёлд уриалах нь бидний үүрэг биз дээ.
Тамгаа халаасалж зугатахгүй, суудалдаа хоргодож нүдний булай болохгүй гэдгээ эртхэн хэлчихье. Зөв соёл гэснээс би хамгийн сүүлд хүлээж авсан нэг мэдэгдлийн тухай ярьчих уу? Сэтгүүлзүйтэй холбоотой юм...
-Тэгээч. Сонин байна...
-Өчигдөр орой “Өдрийн сонин”-оос нэг охин ярьж байна. Мэдэгдэл хүргэнэ гэнэ. Цахимаар авлаа. Манай “Цонхоо нээцгээе” ТББ-ыг МСЭ анхаарч дэмжээгүй, мэдэгдэл гаргаагүй учраас “Өдрийн сонин” болоод сэтгүүлчид нь МСЭ-ийн гишүүн байхаасаа татгалзаж байна гэсэн утгатай мэдэгдэл иржээ. Би үгчлээгүй, утгачилж ярьж байна шүү.
Тэгээд энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх цаг болжээ гэж бодлоо. Өдрийн сониныхон цонх нээх аян өрнүүлснийг цаг тухайд нь мэдсэн. Нэгдэж дэмжихийн тулд чухам юу болоод байгааг анхаарч судалсан. Тэгээд “Өдрийн сонин” өөрийнх нь байрнаас 8.5 метрийн зайд барилга барихаар хашаа хатгаж, суурь ухах үед нь ингэж уриалан дуудсан бол, дэмжлэг тусламж хүссэн бол хамгийн түрүүнд очих ёстой байж, нэгэнт баригдаад дуусах шатандаа орчихсон, бас нэг монгол хүн өч төчнөөн хөрөнгөө зарцуулчихсан хойно нь ингэх нь утгагүй асуудал гэж үзсэн.
Тэгээд ч тэр барилга барьж байгаа компанитай биш, харин дүрэм журам зөрчиж зөвшөөрөл өгсөн албан тушаалтан, эсвэл тогтолцоотой нь тэмцэх нь зөв юм шиг санагдсан. Наанаа хоёр аж ахуйн нэгжийн асуудал мэт харагдавч цаанаа барилга барих зөвшөөрөл өгдөг тогтолцооны алдаа онооны асуудал юм биш үү. Манай Мийгаа ухаантай хүн мэдэж байгаа байх аа.
-Ямар ч хамаагүй шалтаг олж МСЭ-ээс татгалзлаа гэж мэдэгдэн рейтингийг нь унагах ажил эхэлчихсэн юм биш биз?
-Тэгэх ямар шалтгаан байна. Зүгээр л тохиолдол биз. МСЭ ямар Эрдэнэт шиг саалийн үнээ, Тавантолгой шиг баян орд биш дээ. Тэгээд ч МСЭ үүргээ сайн биелүүлж, ажлаа сайн хийж байгааг тэртэй тэргүй нийгэм хүлээн зөвшөөрчихөөд байхад тийм тоглолт хийвэл өөрсдөө л онигоо болно.
Хувь хүмүүсийн өөрийгөө тодлох оролдлого бол байдаг аа, байдаг. Нэг сэтгүүлч гурван жилийн өмнө би ийм эвлэлтэйдээ харамсаж байна, тэр Галааридыг чинь танихгүй мэдэхгүй, танайхаас гарлаа, баяртай гээд л сониноор мэдэгдээд байсан. Гишүүдийн бүртгэл шүүлгээд үзсэн чинь огт элсээгүй хүн байсан.
-Та МСЭ-ийн Ерөнхийлөгчийн ажлаа өгнө гэлээ. Арай улс төрд хүч үзэх гэж байгаа юм биш биз?
-Хардах эрхийг чинь хүндэтгэж байна. Гэхдээ намайг улс төрд ороод ирэх вий гэж эмээгээд байгаа нөхдийн санааг амраая. Би улс төр рүү явахгүй ээ. Тэр бол миний чаддаг ажил биш. Би өр нимгэн, сэтгэл зөөлөн хүн. Зөөлөн хүнд төрийн алба хатуудна.
Монголын юм болгон нь мэргэшсэн, хүн болгон нь сайн чаддаг юмаа хийдэг байгаасай гэж би хүсдэг. Парламент нь мэргэшсэн, улстөрчид нь мэргэшсэн байгаасай. Улс төрд миний орон зай байхгүй. Миний орон зай, миний хийх ёстой ажил угаасаа тодорхой.
Бурхан намайг бийр хөшиж, бэх дундал гэж л илгээсэн байх. Би сэтгүүлч мэргэжилдээ дэндүү хайртай. Хэдийгээр мэргэжлийн сургуулийг нь төгссөн ч нэрнийхээ урд Сэтгүүлч гэдэг тодотгол тавихаасаа олон жил эмээсэн. Сүүлийн хэдэн жил л алдаг оног хэрэглэж байна.
Цаашид улам боловсорч, нэг шат ахиад нэрнийхээ өмнө Нийтлэлч гэдэг тодотгол хэрэглэх хэмжээнд хүрэх юмсан гэсэн хүсэл бий. Биелэх эсэхийг мэдэхгүй. Энд тэнд надад нийтлэлч гэсэн цол чимэг өгчихсөнийг хараад санаа их зовдог.
-Сэтгүүлзүйн салбарынхандаа, мэргэжил нэгт сэтгүүлчиддээ юу гэж хэлмээр байна?
-2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулагдсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэгт тавьсан илтгэлээсээ эшилмээр байна.
“Өнөө цагийн монгол хүн өөртөө хэрэгтэй мэдлэг мэдээллээр өвч хуягласан хүчирхэг иргэн хүн байх уу, эсвэл мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ бүрэн гүйцэт эдэлж чадаагүйн улмаас цөөн хэдэн эрх мэдэлтний хяналтгүй тоглолтын золиос болсон субъект л байх уу гэдэг нь сэтгүүлч бидний мэргэжлийн, ёс зүйтэй, хариуцлагатай, хараат бус, эр зоригтой ажиллаж чадах эсэхээс туйлын хамааралтай”.
Тийм болохоор Монголын сэтгүүлчдийн үүрсэн ачаа нь их хүнд шүү гэдгийг л сануулъя.