logo
Автомашиныхаа дугуйг анхаарлын гадна орхиж хэрхэвч болохгүй

Автомашиныхаа дугуйг анхаарлын гадна орхиж хэрхэвч болохгүй

2014/12/08

Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд тээврийн хэрэгслийн дугуйнд тавигдах шаардлагыг зааж өгсөн байдаг. Энэ нь: Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикл, мопедод 0.8 мм-ээс бага болсон, дугуй нэвт цоорсон, утаснууд нь тасарсан, дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй, дугуйн булны бэхэлгээ сул, найдваргүй бэхлэгдсэн, дугуйн цоожлох цагираг гэмтсэн, буруу тавигдсан, нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавихыг хориглосон  шаардлагууд байдаг. Замын цагдаагийн газраас өвлийн дугуй хэрэглээ гэсэн зөвлөгөөг өгч байна.

Та болон таны хайртай машиныг их дэлхийтэй холбож байдаг цорын ганц зүйл дугуй чинь юм шүү. Тиймийн учир автомашиныхаа дугуйг анхаарлын гадна орхиж хэрхэвч болохгүй. Гэхдээ энэ бол маш энгийн зүйл та дугуйны төрөл болон дугуйн доторх агаарын хэмжээнд л анхаарлаа хандуулахад хангалттай. Таны машины ачааллыг дугуй чинь биш харин дугуйн доторх агаар өргөж явдаг гэдгийг хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. Дугуйтай холбоотой бүхий л шаардлагатай мэдээллийг тухайн дугуйны бөөрөн дээр бичигдсэн байдаг. Ихэнх дугуйны хэмжээ нь ямар нэгэн үсгээр илэрхийлсэн байдаг ба тэр тухайн дугуйны төрлийг илэрхийлж байдаг.

P 225/50R16
Хэрэв “P” үсгээр эхэлсэн байвал энэ нь “Passenger” буюу энгийн суудлын автомашинд зориулсан дугуй юм.
225/50R16
Ямар нэгэн үсэггүй шууд тоогоор эхэлсэн байвал энэ нь “P” үсэгтэй адил утга илэрхийлэх ба ихэвчлэн европын орнуудад ингэж үсэггүй хэрэглэгддэг.
T125/90D/16
Ийм тэмдэглэгээ зөвхөн түр хэрэглэх зориулалттай запас дугуйнд хэрэглэгддэг ба “Т” үсэг нь “Temporary spare” гэсэн утга илэрхийлдэг.
LT125/90D/16
Хэрэв “LT” гэсэн үсгээр эхэлсэн байвал энэ нь “Light Truck” буюу хөнгөн даацын ачааны машинд зориулсан дугуй юм. Ийм дугуй нь “P” дугуйг бодвол даац сайтай учираас Jeep машинд тавихад харьцангуй тохиромжтой байдаг.
P 225/50R16
“225” гэсэн тоо нь тухайн дугуйны өргөнийг илэрхийлдэг. Энэ дугуйны гадна хананаас дотор хана хүртэл хамгийн өргөн зайн нь 225mm гэсэн үг юм.
P 225/50R16
“50” гэсэн тоо нь тухайн дугуйны хананы өндөрийг хувиар илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл тухайн дугуйны обуднаас хээ хүртэлх хэмжээ нь өргөнийхөө 50% тай тэнцүү гэсэн үг юм. (225mm * 50%=112.5mm)
P 225/50R16
“R” гэсэн үсэг тухайн дугуйны хийгдсэн материалыг илэрхийлдэг. “R” үсэгтэй дугуйн нь “Radial” гэж нэрлэгддэг ба дугуйн дотор талыг нарын төмөр утсаар цацраг хэлбэртэй бүрж хийсэн байдаг. Ийм дугуй одоогийн зах зээлийн 80%-ийг эзэлж байгаа гэсэн судалгаа байдаг.
P 225/50D16
Хэрэв энэ үсгийн оронд “D” эсвэл үсэг байхгүй байвал тухайн дугуй нь диагнолдаж, хэрээсэлсэн утсан бүтэцтэй байдаг. “Diagonal” гэсэн утга илэрхийлдэг ба ихэвчлэн BIAS дугуй гэж нэрлэгддэг.

P 225/50D16
“16” гэдэг тоо нь тухайн дугуйний дотор ирмэгийн диаметерийг inch-ээр илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн дугуйнд таарах обудны хэмжээг илэрхийлж байгаа юм.
P 225/50D406
1 inch нь 25.4mm-тэй тэнцүү байдаг. Michelin гэх мэт зарим брэндийн дугуйн дээр энэ хэмжээг mm-ээр тавьж өгсөн байдаг. Жишээ нь 225/50R/406 гэх мэт.
Дугуйг хийлэх.
Дугуйны хээг зөв тохируулах нь чухал бөгөөд буруу хийлсэн тохиолдолд таны амь насанд аюул учруулах эрсдийг дагуулж байдаг. Бараг бүх автомашин үйлдвэрлэгчээсээ дугуйг ямар хэмжээгээр хийлвэл тохиромжтой талаар мэдээлэл оруулж өгсөн байдаг. Энэ мэдээлэл машины хаалганы дотор талд байралсан байгаа. Тиймээс энэ зааврын дагуу дугуйны хийн даралтыг тохируулах нь хамгийн зүйтэй гэж зөвлөх байна.

Замын нөхцөл байдал нь автомашины ашиглалтад төдийгүй жолоочийн бие, сэтгэл зүйд асар их нөлөөлдөг эвдрэл тэгш биш байдал, эржигнүүр, өгсүүр, уруу, халтиргаа зэрэг янз бүрийн хүндрэлтэй нөхцлүүд нь замын хөдөлгөөнийг үнэлж дүгнэхэд бэрхшээлтэй байдгаас жолоочийн сэтгэл зүйд ихээхэн сөрөг нөлөөтэй. Замын нөхцөл хүндрэлтэй байх нь жолоочийг амархан ядраах, бухимдуулан улмаар аюулд хүргэж болдогийг БНГУ-ын эрдэмтэн Пилэйбэл Сберги нотолсон байна. Нэг жилд гарч байгаа ослын 20 орчим хувь нь замын эвдэрлээс 49.6 хувь нь нойтон болон халтиргаатай нөхцлөөс үүдэлтэй гэж олон улсын судлаачид үзсэн байна.

Халтиргаатай нөхцөлд автомашины тоормосны зам 3-4 дахин ихсэж, мөссөн нөхцөлд автомашины дугуй замтай барьцалдах хүч 5 дахин багасдаг. Тухайлбал 50 км/ц хурдтай явж байсан автомашины тоормозны зам тэгш, хуурай, асфалтон замд 20 метр байсан бол нойтон замд 50 метр, цастайд 60 метр, мөстэйд 120 метр болж тус тус өсдөг байжээ. Өөрөөр хэлбэл жолоочны өлмий тоормозны дөрөөн дээр хүрснээс хойш 120 метр зам туулаад машин зогсоно гэсэн үг юм. Зам дугуй хоёрын барьцалдан тээврийн хэрэгслийн хурд, дугуйн эдлэгдсэн хугацаа, хээний чанар, зорчих хэсгийн гадаргуугын байдал зэргээс ихээхэн хамаарна.

Замын халтиргаатай хэсэгт авцуулах холбоо салгаж огцом тоормозлох, жолооны хүрдийг огцом эргүүлэх нь автомашин шарвуулах гол шалтгаан болно. Машины шарвах хөдөлгөөн гэнэт болдог. Бүүр өчүүхэн төдий хөдөлгөөн нь алдаа болж бусдыг эсрэг урсгалруу шахаж оруулах юм уу замаас гардаг гэдгийг санах хэрэгтэй.

Сүүлийн үед жолооч нар хадаастай дугуйг хэрэглэх болсон нь саашаалтай гэвч аюулгүй байдал үүгээр бүрэн хангагдахгүй нь харамсалтай. Хадаастай дугуйг 1960 онд анх туршиж үзэхэд асфальт, бетонон замын гадаргууг ихээхэн гэмтээж ийм дугуйтай өөр тээврийн хэрэгсэл мөргөх тохиолдол их гарч байсан. Мөн ийм дугуйтай автомашины дугуйн зам мөсөн дээр 20-25 хувь, цасан дээр 5-10 хувиар буурдаг болохыг эрдэмтэд тогтоогоод хадаастай дугуйг зам мөстсөн буюу, цастай үед хэрэглэх нь зохимжтой гэж үзэж.

Зам тээврийн осол түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлүүдийн эхэнд хурдыг онцлож байна. Халтиргаатай замд өндөр хурд их аюул дагуулана. Учир нь тэгш, хуурай, асфалтан замын барьцалтын коэфцент 1.6-0.8 байдаг бол цастайд 0.2, мөстэйд 0.1 байна. МУ-ын ЗХДүрмэнд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан. Гэтэл халтиргаатай замд өндөр хурдтай явснаар тээврийн хэрэгслийг зогсооход цаг хугацааны болон орон зайн боломжгүй болж ЗХД-д заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Хурд хэт бага байх нь орчин үеийн замын хөдөлгөөний шаардлагад төдийлөн нийцээд байдаггүй ч манай улсын нөхцөлд, тэр тусмаа халтиргаатай замд нэг их муу зүйл биш.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш