logo
Монголын соёлын өдрүүд Хятадад үргэлжилж байна

Монголын соёлын өдрүүд Хятадад үргэлжилж байна

2014/12/09

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил”-ийн хүрээнд Монголын соёлын өдрүүд 2014 оны арванхоёрдугаар сарын 5-14-ний өдрүүдэд БНХАУ-д болж байна.

Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ гэрэл зургийн үзэсгэлэнгээр эхэлж, 12 дугаар сарын 5-ны өдөр Бээжин хотын номын санд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын Соёлын яамны дэд сайд Дин Вэй нар оролцож, үг хэлэв.

Гэрэл зургийн үзэсгэлэнд "Хүрээлэн амьд ертөнц" төслийн уран бүтээлчдийн Монгол орны байгаль, араатан жигүүртний тухай 100 гаруй гэрэл зургийг дэлгэн үзүүлж байна.

Соёлын өдрүүдийн хүрээнд Улсын эрдмийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчдийн “Тэнгэрийн эгшиг” урлагийн тоглолт арванхоёрдугаар сарын 8-9-ний өдрүүдэд Бээжин хотод, арванхоёрдугаар сарын 12-13-ны өдрүүдэд Шаньдун мужид болно.

Мөн Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн тоглолт арванхоёрдугаар сарын 10-11-ны өдрүүдэд Бээжин хотод, 14-ний өдөр Шанхай хотод болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш