logo
Сонгон шалгаруулалтаа гээсэн ШУТИС

Сонгон шалгаруулалтаа гээсэн ШУТИС

2014/12/11
Төрийн албаны мерит тогтолцоо гэж бий. Энэхүү тогтолцоо хэвшсэн улсад сонгуулиар төрийн удирдлага өөрчлөгдөх бүрт төрийн албаны мэргэшсэн албан хаагчийн багийг шинээр бүрдүүлэх шаардлага гардаггүй. Товчхондоо төрийн албаны үйл ажиллагааг илүү үр дүнтэй, тэнд ажиллагсдыг нь тогтвор суурьшилтай ажиллах баталгааг хангадаг гэсэн үг. Энгийнээр тайлбарлавал ямар ч нам эвсэл төрийн эрхэнд гарсан залгамж чанараа хадгалдаг хэрэг. Гэтэл манайд мерит байтугай Монгол төрийн залгамж чанар нь ч байхгүй болоод удаж байна. Засгийн эрхэнд ямар нам гарахаас шалтгаалж яам, агентлагуудад мэргэшсэн төрийн албан хаагчдын тоо цөөрч, намын батлахтай хүмүүсээр дүүрдэг нь үүний нотолгоо.

Угтаа бол улс төрийн намын гишүүн төрийн албан хаагч болсон тохиолдолд гишүүнчлэлээсээ түдгэлзэх хуулийн заалт бий л дээ. Мөн тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс долоо хоногийн хугацаанд байгууллагын захиргаа болон харьяа намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэхийг тусгасан байдаг. Гэвч томоохон албан тушаалд очиж байвал хууль зөрчөөд ч болтугай өөрийн ашиг сонирхолд нийцүүлж ажиллах нь энгийн үзэгдэл болсныг ШУТИС-ийн Эдийн засгийн хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулууны жишээнээс харж болохоор байна. Тэрээр “Монголын цахилгаан шат” компанийн захирлаар ажиллаж байгаад төрийн өмчийн их, дээд сургуулиудад бүтцийн өөрчлөлт хийхэд ШУТИС-ийн тэргүүн проректор болсон байдаг. Гэтэл шинэхэн проректор сургуулийнхаа сургалтын чанарыг сайжруулах бус хувийн ашиг сонирхолдоо нийцүүлж ажилласаар өдийг хүрчээ.

Тухайлбал, “Даниста-Од” гэх компаниар ШУТИС-ийн төв номын сангийн музейн өрөөний хажууд нэмэлт хана, хаалга гаргах, Ахлах сургуулийн ширээ сандал угсрах, Ахлах сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны зургаан анги, коридорын засвар, хичээлийн нэгдүгээр байрны коридорын шатны засварыг хийлгэжээ. Ямар нэгэн тендер зарлалгүйгээр гүйцэтгүүлсэн энэ ажилд гэхэд 126 сая төгрөгийг зарцуулсан аж. Мөн Сургуулийн төв байранд байрладаг Эрдмийн зөвлөлийн өрөөний засвар хийх, тоног төхөөрөмж худалдан авч тоноглох 130 орчим сая төгрөгийн ажлыг УУИС, КТМС зэрэг бүрэлдэхүүн сургуулиас мөнгө гаргуулан хийлгэжээ. Хачирхалтай нь, тендер шалгаруулалт, зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин хийсэн энэ ажлыг хүүгийнхээ “Глобаль телеком” компаниар хийлгэсэн байх юм. Үүгээр зогсохгүй ШУТИС-ийн хоёрдугаар байрны лифтийг өөрийн компаниар эзэмшлийн “Монлифт” компаниар 159 сая төгрөгөөр болсон юм билээ. Д.Батчулуун проректорын хууль зөрчсөн үйлдэл үүгээр хязгаарлагдахгүй.

ШУТИС-ийн санхүү болон сургалт хариуцсан дарга нарыг ч өөрийн хүмүүсээр бүрдүүлсэн аж. Тэрээр проректор болсныхоо дараа Санхүү, эдийн засгийн газрын даргаар Ц.Бумцэнд, сургалт хариуцсан проректороор Х.Энхжаргал, Тамгын газрын даргаар Б.Чинзориг, гадаад харилцааны проректороор П.Жаргалтуяа, Хөгжлийн бодлого, мониторингийн газрын дарга Б.Арвинбаяр нарыг сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилж, Төрийн албаны тухай хуулийг зөрчжээ. Үүнтэй холбоотойгоор зарим салбар сургуулиудын захирал, профессор, багш нар нь Төрийн албаны зөвлөл болон мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан байдаг юм байна. Ингээд мэргэжлийн хяналтын газраас ШУТИС-ийн бүтцэд сар гаруйн хугацаанд шалгалт хийж, удирдлагууд нь хууль зөрчин ажиллаж байгааг тогтоон дүгнэлт гаргажээ. Гэвч мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт дээд шатандаа очоод замхарсан бололтой. Үүнээс гадна ШУТИС-ийн харьяа гурван лицей сургуулийг нэгтгэн Ахлах сургууль байгуулсан ч түрүүчээсээ асуудал дагуулж эхэлжээ.

Тухайлбал, Ахлах сургуулийн захирал ШУТИС-ийн доктор хүн байх ёстой бөгөөд сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтаар тэнцсэн хүнийг томилохоор журмандаа заажээ. Харин Ахлах сургуулийн одоо ажиллаж байгаа захирлыг нь сонгон шалгаруулалтаар бус шууд Хөвсгөл аймгаас томилон ажиллуулж буй аж. Тэндэхийн багш, ажилчдынх нь хэлж байгаагаар Д.Батчулуун проректор нутгийнхаа хүнийг ийн захирлаар томилжээ. Гэтэл томилогдож ирсэн шинэ захирал зургаан багшийг мөн сонгон шалгаруулалтгүйгээр хөдөө орон нутгаас урилгаар авчирч ажиллуулж байгаа юм байна. Угтаа бол сургуулийн дотоод дүрэм, журам, хариуцлага тооцох систем гэж байх учиртай. Гэвч Монголын урдаа барьдаг төрийн өмчийн их сургуульд хэрхэн алдагдаж эхэлснийг эдгээр жишээнээс харж болохоор байна.

Сүүлд Ерөнхий сайдыг шинээр тодруулахаар зарласан АН-ын ҮЗХ-ы хурлын үеэр Д.Батчулуун проректор гишүүний хувиар очиж оролцож санал өгсөн байдаг. Төрийн албан хаагч намын хуралд оролцохыг хуулиар хориглосон учир Төрийн албаны зөвлөлөөс АН-ын ерөнхий нарийн бичгийн даргад албан бичгийг хүргүүлсэн ч Д.Батчулуун проректор үргэлжүүлэн оролцож хууль зөрчсөн нь энэ байв. Эцэст нь хэлэхэд тангараг өргөсөн төрийн албан хаагч дарга цэрэг байхаас үл хамаарч хуулийнхаа дагуу ажиллах учиртай. Түүнээс биш хүссэн үедээ тендер зарлалгүйгээр хүний өөрийн компанид мөнгө төсөвлөн ажил хийлгэж, хууль зөрчин хуралд сууж саналаа өгдөг байж болохгүй билээ.

С.Дөл
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш