logo
Хараа хяналтгүй, гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлнэ

Хараа хяналтгүй, гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлнэ

2014/12/12
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Хараа хяналтгүй хүүхдүүдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/1037 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хараа хяналтгүй яваа,  гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид буцаах боломжгүй тохиолдолд халамж асрамжийн үйлчилгээнд хамруулах  нэгдсэн арга хэмжээг 12 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Энэхүү арга хэмжээнд төвийн 6 дүүргийн гудамж, зах, орц, хонгил, хоолны газар, кино театр, РС тоглоомын газар болон эрсдэл өндөр газруудад хараа хяналтгүй явдаг, гар дээрээс жижиглэн худалдаа эрхэлж, зах, олон нийтийн газар гуйлга гуйдаг зэрэг хаяг нь тодорхой болон тодорхойгүй 18 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөж байна.

Захирамж гарсантай холбогдуулан дүүргийнхээ нутаг дэвсгэрийн хэмжээнд хараа хяналтгүй яваа хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэлжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг томилж, шаардлагатай төсвийг шийдвэрлэж ажиллахыг  Дүүргийн Засаг дарга нарт, асран хамгаалагчид буцаах боломжгүй хүүхдүүдийг халамж асрамжийн төвүүдэд байрлуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт үүрэг болголоо.

Арга хэмжээнд шаардагдах  8 сая 171 мянган төгрөгийг тэнэмэл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, орон байраар хангах зардлаас гаргахаар болж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлт,  нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалайд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш