Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч ноён Ю.П.Трутневийг хүлээн авч уулзлаа. Энэ онд манай хоёр орны харилцаа идэвхтэй өрнөж, өндөр дээд хэмжээний айлчлалууд амжилттай болж буйд сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Монголд хийсэн ажлын айлчлал хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгсөн гэж тэрбээр онцоллоо.
Сүүлийн хоёр жилийн туршид буураад байгаа хоёр орны худалдааны хэмжээг тэнцвэржүүлэх, нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд тодорхой хугацааны туршид тэглэсэн татвараар нийлүүлэх саналыг бид дэвшүүлсэн. Энэ асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсээд “Хоёр улсын хамтын ажиллагааны томоохон төслүүдийн явцыг хэрэгжүүлэхэд санаачилгатай ажиллана” гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ.
Мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж болох саналыг ОХУ-ын Засгийн газрын дэд дарга Ю.П.Трутнев илэрхийлээд Монголын тал дэмжвэл энэ ажлыг судалж, эхлүүлэхэд бэлэн байна гэлээ.
Уулзалтад Монголын талаас Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Уул уурхайн сайд Р.Жигжид, Оросын талаас ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Тээврийн дэд сайд А.С.Цыденов, “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч В.Н.Морозов нар байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.